Жил бүрийн 5 сарын 3-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг “Дэлхийн хэвлэлийн эрхчөлөөний өдөр” (ДХЭЧ)-т зориулан Монгол дахь Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаа та бүхэнд толилуулж байна. ДХЭЧ-ний өдрийг 2024 онд “Гараг ертөнцийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралтай нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд дурдсанаар “Цаг уурын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол нь гараг ертөнцийн гурвалсан хямрал болж, энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотойгоор хүн төрөлхтөний голлох эрсдэл болж, ардчиллыг бэхжүүлэх, цахим талбаруудад хуурамч, хуудуутай мэдээллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна. Мэдээллийн эко систем өнөөгийн хямрал хариу үйлдэл үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Найдвартай мэдээлэлтэй байх, байгаль орчин, шинжлэх ухааны хараат бус сэтгүүл зүйг бэхжүүлэх ач холбогдол, урьд урьдынхаас илүү чухал болж байна” хэмээн энэ жилийн сэдвийг онцлоод “2024 оны ДХЭЧ-ний өдрийг дэлхий нийтийн байгаль орчны өнөөгийн хямралт нөхцөл байдалтай уялдуулан сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдлыг цохон тэмдэглэхэд зориулж байна” хэмээжээ.
Дэлхийн улс орны тэргүүнүүд 17 иж бүрэн зорилт бүхий Тогтвортой хөгжлийн зорилтуудыг агуулсан “2030 - Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг 2015 оны 9 дүгээр сард зөвшилцөн баталсан билээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэлийн эрх чөлөө ба мэдээлэлтэй байх эрх нь хүний язгуур эрх чөлөө болохын хувьд шинээр баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөрөөс дэвшүүлсэн олон зорилтыг биелүүлэхэд чухал үүрэгтэй. Хувь хүн, нутаг орон, улс гүрэнд гарч буй энх тайван, ардчилал, хөгжлийн ахиц дэвшлийг үзэл бодол, мэдээ мэдээллийн чөлөөт урсгал хөтөлж байдаг. НҮБ-ын төрөлжсөн байгууллага дотроос зөвхөн ЮНЕСКО “үзэл бодлоо үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг хөхиүлэн дэмжих” бүрэн эрхтэй байгууллага бөгөөд бие даасан, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн орчныг идэвхтэй хөгжүүлэхээр гишүүн улс орнуудтай нягт хамтран ажилладаг. Хэвлэл мэдээллийн хөгжил мэдлэгт суурилсан, тухайн нөхцөл байдалдаа нийцсэн байх ёстой гэж ЮНЕСКО үздэг бөгөөд дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй хэвлэл мэдээллийн орчин нь тухайн улс орон бүрт сорилт бэрхшээл, боломж бололцоог дагуулж байдгийг харгалзан үздэг. Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн түвшинг тодорхойлохоор 2012 онд эхэлсэн хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний үр дүнг энэхүү тайлангаар хүргэж байна. Улс орны хэвлэл мэдээллийн салбар ба уг салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн нарийвчилсан тойм гаргахад ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүн шинжилгээний арга хэрэгсэл болох ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцааны хөгжлийн хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлэлтэд суурилан тус үнэлгээг хийв.
Глоб Интернэшнл төв, Монголын хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд бэлтгэв.