ӨМНӨТГӨЛ
Жил бүрийн 5 сарын 3-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг “Дэлхийн хэвлэлийн эрхчөлөөний өдөр” (ДХЭЧ)-т зориулан Монгол дахь Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаа та бүхэнд толилуулж байна. ДХЭЧ-ний өдрийг 2024 онд “Гараг ертөнцийн төлөөх хэвлэл: Байгаль орчны хямралтай нүүр тулж буй сэтгүүл зүй” сэдэв дор тэмдэглэж байна. ЮНЕСКО-гийн үзэл баримтлалд дурдсанаар “Цаг уурын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол нь гараг ертөнцийн гурвалсан хямрал болж, энэ нь нийтийн эрүүл мэндтэй холбоотойгоор хүн төрөлхтөний голлох эрсдэл болж, ардчиллыг бэхжүүлэх, цахим талбаруудад хуурамч, хуудуутай мэдээллийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарч байна. Мэдээллийн эко систем өнөөгийн хямрал хариу үйлдэл үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Найдвартай мэдээлэлтэй байх, байгаль орчин, шинжлэх ухааны хараат бус сэтгүүл зүйг бэхжүүлэх ач холбогдол, урьд урьдынхаас илүү чухал болж байна” хэмээн энэ жилийн сэдвийг онцлоод “2024 оны ДХЭЧ-ний өдрийг дэлхий нийтийн байгаль орчны өнөөгийн хямралт нөхцөл байдалтай уялдуулан сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдлыг цохон тэмдэглэхэд зориулж байна” хэмээжээ.
Монгол Улсад ч байгаль орчны хямрал нүүрлэж, үер, зудын аюул иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой хор хохирол учруулав. Манай сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн байгалийн гамшгийн тухай шуурхай мэдээлэл мэдээ сурвалжлага бэлтгэн түгээж, сэрэмжлүүлэг, урьдчилан сэргийлэх мэдээллээр хангаж байв. 2023 онд манай байгууллагаас жил бүр олгодог “Үнэний төлөө” шагналыг МҮОНТ-ийн байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн хүртсэн билээ.
Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар, 2023 оны эцсийн байдлаар манай улсад 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4462 хүн ажиллаж байна. Тэдний 49 хувь нь бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, сурвалжлагч байна. Харамсалтай нь, манайд хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчин таагүй хэвээр байна. Хэдийгээр УИХ, Засгийн газраас мэдээллийн нээлттэй байдал, ил тод байдал, цахим засаглал, авлигатай тэмцэх тухай ярьж, мэдэгдэл хийн, нааштай зарим арга хэмжээ авч байгаа ч дорвитой үр дүнд хүрээгүй байна. Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарлаж буй Төрийн ба албаны нууцын тухай хуульд өнөө хэр нэмэлт өөрчлөлт хийгээгүй байна.
Дараах холбоос дээр дарж бүрэн эхээр уншина уу.
https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/media_freedom_report_2022_2023_mn.pdf