Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль (ӨНТХ)-иар олгогдсон бүрэн эрх, чиг үүрэг, өргөн нэвтрүүлгийн салбарт төрөөс баримтлах бодлого, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж, зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг хэрэгжүүлж ажилладаг.
Туурга тусгаар Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-нд тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг угтан иргэний ардчилсан нийгмийн суурь болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг цахим орчинд хэрхэн хангаж буй талаарх судалгааг Танд толилуулж буйдаа таатай байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны санхүүжилтээр “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа”-г зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа үйлчилгээний (ISO 20252:2019) стандартын дагуу эцэг, эх болон 13-18 настай хүүхдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дүгээр сарын 09-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн болно.
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг. Энэхүү эрхэд хил хязгаар харгалзахгүйгээр амаар, бичгээр болон хэвлэмэл хэлбэрээр, урлагийн бүтээл болон бусад хэрэгслээр бүх төрлийн мэдээлэл, санааг хайх, хүлээн авах, түгээх эрх багтана. Үүний нэгэн адил Африкийн Хүний эрхийн тунхаглалд 9-р зүйлд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Энэхүү бэсрэг гарын авлага бол өөрийн орны холбогдох хууль эрх зүйн зохицуулалт олон улсын хууль тогтоомж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохицуулах шилдэг туршлагад нийцэж буй эсэхийг судалж, дүн шинжилгээ хийхийг сонирхож буй талуудад зориулсан хэрэгсэл юм. Уг гарын авлагад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж болзошгүй хууль тогтоомж, тодорхой заалт, зохицуулалтыг шинэчлэхэд жишиг болгон ашиглахад зориулж холбогдох шилдэг туршлагыг товч танилцуулсан болно. Эдгээрийг бэлтгэхэд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт болон НҮБ-ын дэргэдэх төрөл бүрийн байгууллагуудаас гаргасан тайлан, Хүний болон ард түмний эрхийн Африкийн комиссын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл олж авах зарчмын тунхаглал (2019) (цаашид “ACH-PR тунхаглал” гэх) зэрэг баримт бичгийг эш үндэс болгов.
Чөлөөт, цензургүй, хориг саадгүй хэвлэл ба хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, бусад эрх чөлөөг эдлэхэд нийгмийн салшгүй хэсэг болдог. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966.12.16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976.03.23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 1-т “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй”, 2-т “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана”, 3-т “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой: а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; б/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах” гэж заасан. Энэхүү пактад Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, 17-д төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй болохыг тус тус баталгаажуулсан.
Интернэтийн засаглал ба цахим ардчилал Интернэтийг хүний эрхийн хатуу байр сууринаас удирдах олон улсын байгууллагыг бий болгох нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх зорилгын нэг юм. Интернэтийг ардчилсан үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл болгон тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын дүрэм, журам нь орчин цагт хүний эрхийг сурталчлах, хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Энэхүү байгууллага нь улс орнуудын холбогдох байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хамтран Интернэтийн хөгжил, хэрэглээг тодорхойлох нийтлэг зарчим, хэм хэмжээ, дүрмийг боловсруулж, хэрэгжүүлэх юм.