СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЦАГААТГАХ ТОГТООЛ
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч Л.***, өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311 00810 0706 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 26-ын өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан *** тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг бүрэн биелүүлсэн.
*** /РД:***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.*** нь “***” болон “***” гэх нэртэй цахим хаягуудаас 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 09 минутад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зургийг байршуулан “Хамгийн худалч, Хамгийн популист, Хамгийн чалчаа, Хамгийн шударга ёс царайлагч, Хамгийн боловсрол муутай, Хамгийн биеэ гайхуулагч, Хамгийн Путинг дуурайгч, Хамгийн хамгийн хамгийн Ерөнхий сайд мину зээ” гэсэн постыг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 14 цаг 03 минутад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зургийг байршуулан “6 жил 205 км дарханы замыг тавьж чадаагүй хүн, 2,5 жилийн дотор 240 км Төмөр зам тавьчихлаа гэнээ” гэсэн постыг, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 03 минутад “Хайр хүндлэл үгүй Ерөнхийлөгч байх үед... Аваргын цом гардуулахаар У.*** ордонд орж ирэв. Хөгжөөн дэмжигчид ҮҮҮҮҮҮҮ гэж угтав” гэсэн постыг фейсбүүк, твиттер цахим орчинд нийтэлж, Монгол Улсын ерөнхийлөгч У.***ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 294 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүхийн шатанд захирамжид заасны дагуу хийж гүйцэтгэсэн нотлох баримт, эд мөрийн баримтаар тооцсон 4 ширхэг диск, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэм буруугүйд тооцсон тухайд:
1. Шүүгдэгч Л.*** нь цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэсэн бол, түүний өмгөөлөгч бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараагаагүй, цахим орчинд нийтлэгдсэн мэдээллүүдээс дүгнэлт хийж үзэл бодлоо илэрхийлсэн, мөн шүүмжээ илэрхийлэх эрхтэй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр сууринаас оролцсон.
2. Прокуророос шүүгдэгч Л.***ийг “***” болон “***” гэх нэртэй цахим хаягуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.***ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Л.***ийг цагаатгаж шийдвэрлэв.
4. Хэргийн үйл баримтыг авч үзвэл: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын даргаас тус газрын ахлах референт Б.***ыг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр томилж, түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ. Тэрээр мэдүүлэхдээ “...Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүнд, халдашгүй дархан байна гэж хуульчилсан. *** хаягаас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “6 жил 205 км дарханы замыг тавьж чадаагүй хүн, 2,5 жилийн дотор 240 км Төмөр зам тавьчихлаа гэнээ” гэх мэдээллийн талаар олон нийтийн цахим сүлжээнд тавьж, Дарханы авто зам, Төмөр замын талаар сайтар судлаагүй байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургийг ашиглан мэдээлэл тараасан нь олон нийтэд төөрөгдөл үүсгэж байна. Мөн хаягаас 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Хайр хүндлэл үгүй Ерөнхийлөгч байх үед... Аваргын цом гардуулахаар У.*** ордонд орж ирэв. Хөгжөөн дэмжигчид ҮҮҮҮҮҮҮ гэж угтав” гэх мэдээллийн талаар, Монгол Улсын ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогддог. Тус хаяг эзэмшигч иргэний хувийн үзэл бодлыг хүндэтгэж байгаа боловч өөрийн энэхүү үзэл бодлоо тулган цахим орчинд хандалт авах зорилгоор нийтэд түгээж байна. Мөн хаягаас 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Хамгийн худалч, Хамгийн популист, Хамгийн чалчаа, Хамгийн шударга ёс царайлагч, Хамгийн боловсрол муутай, Хамгийн биеэ гайхуулагч, Хамгийн Путинг дуурайгч, Хамгийн хамгийн хамгийн Ерөнхий сайд мину зээ” гэх олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээлэл нь дээрх иргэний үзэл бодол хэдий ч үндэслэлгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд шууд халдсан үйлдэл байх тул шалган шийдвэрлэнэ үү...” гэжээ. /1хх34-35/,
Мөрдөгчөөс фэйсбүүк сүлжээнд “***” гэх утгаар хайлт хийж, мөн твиттер сүлжээнд “***” гэх утгаар хайлт хийж шүүгдэгч Л.***ий фэйсбүүк, твиттер сүлжээнд олон нийтэд нээлттэй байдлаар нийтэлсэн мэдээлэлд үзлэг хийн, тэмдэглэл үйлдэн, гэрэл зургаар бэхжүүлжээ. /1хх9-12/, Мөн шүүгдэгч Л.***ий гар утсанд үзлэг хийж, түүний цахим орчинд дахь дээрх гомдол, мэдээлэлд дурдсан мэдээллүүдийг тэмдэглэл үйлдэн, бэхжүүлжээ. /1хх25-28/
Шүүгдэгч Л.*** нь дээрх фэйсбүүк дэх сүлжээнд “***” гэсэн, твиттер сүлжээнд “***” гэсэн цахим хаяг эзэмшдэг нь нотлогдсон, мөн тэрээр яллах дүгнэлтэд дурдсан дээрх агуулга бүхий мэдээллүүдийг өөрийн цахим сүлжээнд нийтэлсэн үйлдэл дээр маргаагүй болно.
5. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжийг дараах байдлаар тодорхойлсон.
Тус хэргийн объектив талын шинжийг хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэжээ.
Үүнээс хууль дахь нэр томьёоны ойлголтыг авч үзвэл: Хүний нэр төр гэдгийг хүний төрснөөс эхлэн хамаарч, тухайн хүнээс салгашгүй, өөр бусдад шилжүүлж ба дамжуулж болдоггүй эдийн бус баялаг, алдар хүнд гэдгийг хувь хүнийг хүндлэн алдаршуулсан ёс суртахууны өгөгдөл. Алдар хүнд нь субъектын өөрийн үнэлэлт төдийгүй хүрээлэн буй бусад хүмүүс түүнийг хувь хүний үүднээс үнэлсэн объектив шинжийн (ёс суртахууны эрхэм чанар, хүндлэл хүлээсэн аж төрөх ёс, мэдлэгийн цар хүрээ зэрэг) цогцоор тодорхойлно[1] гэжээ. Мөн Улсын дээд шүүхийн 2007.10.29-ний өдрийн 40 дугаар тогтоолд “...нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлэх бол “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно гэж тайлбарлажээ.
Илт худал мэдээлэл гэдгийг бодит байдалд огт үнэн биш, илэрхий худал, ор үндэсгүй хуурамч мэдээ сэлтийг ойлгох ба илт худал мэдээлэл тараах гэдэгт зориуд санаатайгаар зохиосон, бусдаас санаа авсан буюу амьдрал, бодит байдалд байхгүй зүйлийн талаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор бусдыг гутаасан агуулгатай худал, хуурмаг мэдээлэл бэлтгэн боловсруулж идэвхтэйгээр тарааж буй үйлдлийг ойлгохоор байна. Улмаар мэдээлэл илэрхий худлаа гэдгийг тухайн этгээд мэдсээр байж үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний нэр төр, алдар хүнийг гутаах, үнэлэмжийг бууруулах, сөрөг хандлага, үр дагавар бий болгох зорилгоор энэхүү үйлдлээ хүсэж хэрэгжүүлсэн, ийнхүү тараахдаа цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон амаар олон нийтийн сонорт хүргэсэн үйл явц байдаг.
6. Яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Л.***ий өөрийн цахим мэдээллийн сүлжээг ашиглан бусдад мэдээлсэн мэдээлэл нь илт худал мэдээлэл бус харин иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн эрх чөлөөнд хамаарч байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан бол нөгөө талаар хүний алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэгт заасан халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх учраас алдар хүндийг гүтгэлэг, доромжлолоос хамгаалах шаардлагыг хуульчилжээ.
Мөн Үндсэн хуулийн 19.2 дахь хэсэгт “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан Хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, мөн эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө”, 19.3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасан.
Монгол Улсын олон улсын гэрээ “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй”, 2 дахь хэсэгт “Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараахь шаардлагаас үүдэн гарсан байх ёстой а/ бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; b/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах гэж заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заажээ.
Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээний дээрх заалтаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь ямар ч тохиолдолд хязгаарлагддаггүй үндсэн эрх бус харин үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг хамгаалах хүрээнд зөвхөн хуулиар хязгаарлагдахаар байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.***ий 2019 оны 5 дугаар сарын 16-ны, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд тус тус өөрийн цахим сүлжээнд оруулсан мэдээллийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл гэж ялласан ба тухайн мэдээлэл тус бүрийг авч үзье.
1-рт, шүүгдэгч Л.***ий 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 09 минутад “Хамгийн худалч, Хамгийн популист, Хамгийн чалчаа, Хамгийн шударга ёс царайлагч, Хамгийн боловсрол муутай, Хамгийн биеэ гайхуулагч, Хамгийн Путинг дуурайгч, Хамгийн хамгийн хамгийн Ерөнхий сайд мину зээ” гэсэн постыг хүний нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэргийн шинжтэй гэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 13.14 зүйл гэж нэмж хуульчилсан. Гэтэл шүүгдэгчийг буруутгаж буй дээрх мэдээлэл нийтэлсэн цаг хугацаа нь 2019 он байх ба тухайн үед Эрүүгийн хуульд ийм гэмт хэрэг байгаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг болон Эрүүгийн хуулийн үндсэн зарчим болох хууль ёсны зарчмыг илэрхий зөрчин шинээр гэмт хэрэгт тооцсон үйлдлээр хуулийг буцаан хэрэглэж хүнийг гэмт хэрэгт холбогдуулан ялласан байна.
Тиймээс яллах дүгнэлтэд дурдсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хамгийн худалч, Хамгийн популист, Хамгийн чалчаа, Хамгийн шударга ёс царайлагч, Хамгийн боловсрол муутай, Хамгийн биеэ гайхуулагч, Хамгийн Путинг дуурайгч, Хамгийн хамгийн хамгийн Ерөнхий сайд мину зээ” гэсэн мэдээлэл оруулсныг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн тус мэдээлэлтэй холбоотой шүүгдэгч Л.***ээс “Россия 24 прямой эфир” гэх Оросын Холбооны улсын телевизийн сувгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.***, Оросын холбооны улсын ерөнхийлөгч В.Путин нарын адил төстэй гэрэл зургуудыг харьцуулан харуулж ярьж байгаа мэдээ гарч байсныг гарган өгч, уг бичлэгт үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн, мөн “DNN.MN” сайтын пэйж хуудаст 2021.11.01-ний өдөр олон нийтийн сүлжээнд Оросын холбооны улсын ерөнхийлөгч В.Путинтэй Монгол Улсын ерөнхийлөгч У.***ийг харьцуулж буй зураг тархаад байна гэсэн мэдээ нийтлэгдэж байсан талаарх баримтад тус тус үзлэг хийж, хэрэгт бэхжүүлжээ.
Фэйсбүүк сүлжээ дэх хаяг нь цахим орчинд тухайн хүнийг тодорхойлогч, мэдээллийн эзэн гэж үзэх бөгөөд цахим орчинд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь тухайн хүнд олгогдсон эрх бөгөөд ийнхүү эрхээ эдлэхдээ бусад үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан.
Европын хүний эрхийн шүүх “хувь хүмүүс нь улс төрийн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, албан тушаалтнууд, Засгийн газар болон төрийн байгууллагыг шүүмжлэх эрхтэй бөгөөд ор үндэслэлгүй худал, хэрээс хэтэрсэн доромжлол бол шийтгэл хүлээж болох юм. Засгийн Газар, албан байгууллага, албан тушаалтныг шүүмжилсний төлөө шоронд суулгах нь Европын зөвлөлийн гишүүдийн хувьд үл нийцэх, хүлээн зөвшөөрч болохгүй зүйл гэдгийг тодотгосон”[2] байна. Үүнээс шүүгдэгчийн хувьд тухайн үеийн Монгол Улсын ерөнхий сайдыг шүүмжилсэн агуулгатай, хувь улс төрчийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зарчмаар буюу улс төрийн албан тушаалтан нь сонгогчдын олонхын дэмжлэгийг авч сонгогддог бөгөөд тэднийг дэмждэг олонх байхад, эсрэг байр суурьтай нэг хэсэг байх нь зүй ёсны хэрэг юм. Тиймээс шүүгдэгчийн дээрх цахим хуудастаа нийтэлсэн нь хэрээс хэтэрсэн, нийгмийн хор аюул ихтэй, гэмт хэргийн шинжийг агуулсан мэдээлэл гэж дүгнэх боломжгүйг давхар дурдах нь зүйтэй.
2-рт, Шүүгдэгч Л.***ий 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зургийг байршуулан “6 жил 205 км дарханы замыг тавьж чадаагүй хүн, 2,5 жилийн дотор 240 км Төмөр зам тавьчихлаа гэнээ” гэсэн постыг оруулсан нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.
Улсын яллагчаас Дарханы зам баригдаж дуусаагүй удааширсан шалтгаан нөхцөлийг судлалгүйгээр, зориуд алдаатай мэдээллийг тарааж, Монгол Улсын ерөнхийлөгчөөс болсон мэтээр харагдуулж буй нь гэмт хэргийн шинжтэй гэжээ.
Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг хоорондын авто замын ажил, түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудал удааширсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд иргэний хувьд тийнхүү удааширсан шалтгаан нөхцөлийг судлах үүрэггүй, улмаар ийнхүү удааширсантай холбоотой сайтар судлаагүй учраас үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрхгүй гэж үзэж болохгүй юм.
Шүүгдэгч талаас Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр баталсан Монгол Улсын Их хурлын тогтоол, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг хэрэгт хавсаргуулсан /1хх194-199/, мөн Монгол Улсын Засгийн газрын албан ёсны фэйсбүүк хуудаст үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байх ба дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэсэн.
Ардчиллын үнэт зүйл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байдаг бөгөөд нийтийн ашиг сонирхолтой холбоотойгоор иргэн нь төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг чөлөөтэй шүүн хэлэлцэх, тэдэнд шаардлага тавихыг хааж боох, нь олон сөрөг үр дагавартай гэж үздэг талаар доктор О.Мөнхсайхан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь” сэдэвт өгүүлэлдээ дурджээ. /Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2018 оны №3 дугаарт хэвлэгдсэн./
Тиймээс шүүгдэгч Л.***ий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг дүгнэн, шүүмжилснийг худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй болно.
3-рт, Шүүгдэгч Л.***ий 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Хайр хүндлэл үгүй Ерөнхийлөгч байх үед... Аваргын цом гардуулахаар У.*** ордонд орж ирэв. Хөгжөөн дэмжигчид ҮҮҮҮҮҮҮ гэж угтав” гэсэн постыг фейсбүүк хуудастаа нийтэлж, Монгол Улсын ерөнхийлөгч У.***ийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэжээ.
Шүүгдэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дээрх дүрс бичлэгийг өөрийн фэйсбүүк хуудаст нийтэлсэн, ингэхдээ “МК” гэсэн хүний хуудаснаас уг дүрс бичлэгийг хуулан авч, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн тухай мэдүүлсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг хуульд заасны дагуу хэрэгт бэхжүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн баримт болох дүрс бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлджээ. Тус дүрс бичлэг, тэмдэглэлд ...спортын ордонд болсон үйл явдлын талаарх 12 секундийн бичлэг байх ба бичлэгийг тоглуулахад МК нэртэй пэйж хуудаснаас “Хайр хүндлэл үгүй Ерөнхийлөгч байх үед аваргын цом гардуулахаар У.*** орж ирэв” гэх утгатай спорт зааланд үзэгчдийн суудлаас хийж буй дүрс бичлэг байв. Уг бичлэг яриагүй, дүрс гарна гэжээ. Мөн хэрэг авагдсан бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэлд “бичлэгийг тоглуулж үзэхэд 10 секундийн бичлэг байх ба бичлэгийг тоглуулахад Монгол Улсын ерөнхийлөгч У.***ийг спорт ордонд орж ирэхэд иргэд үзэгчдийн дундаас ҮҮҮҮҮ гэж орилж буй дүрс бичлэг гарна” гэжээ.
Шүүгдэгч Л.***ийг дээрх үйл явдалтай холбоотой холбогдох дүрс бичлэгийн хамтаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд болсон үйл явдлын талаар иргэн хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн, бусдыг нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл олон нийтэд тараасан зүйл байхгүй байна. Улсын яллагчаас болсон үйл явдлыг зориуд төөрөгдүүлэх, бүх хүн эсэргүүцсэн байдлаар алдаатай болгож мэдээлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэсэн нь үндэслэлгүй юм. Дээрх тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч спортын ордонд аваргын цом гардуулах үйл ажиллагаанд оролцсон, ийнхүү спортын ордонд орж ирэхэд хэсэг хөгжөөн дэмжигчид түүнийг таатай байдлаар угтаагүй нь дүрс бичлэгээр тогтоогдож байна. Энэхүү нөхцөл байдлын талаар шүүгдэгч өөрийн цахим хуудаст нийтэлж, хувийн үзэл бодлоо илэрхийлснийг нийгэмд аюултай гэмт хэрэг гэж яллаж буй нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт юм.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь ор үндэсгүй, илэрхий худлаа мэдээллийг зориуд санаатайгаар олон нийтэд тарааж, түгээснээр хүний нэр төр олон нийтэд гутаагдах, үнэлэмжийг бууруулах, тухайн хүний талаарх сөрөг хандлагыг бий болгох зорилготой, идэвхтэй үйлдэл байдаг. Ийнхүү илт худал мэдээлэл болохыг мэдсээр байж зориуд тараасан, санаатай үйлдлийг нийгмийн аюул ихтэйд тооцон гэмт хэрэг гэж хуульчилсан. Дээрх үндэслэлээр шүүгдэгч Л.***ий үйлдлүүдэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Л.***д холбогдуулж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэв.
8. Шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
9. Шүүгдэгч Л.***д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.
10. Шүүгдэгч нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсантай холбоотой хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасан журмын дагуу өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 4 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Л.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч нь өөрт учирсан хохирлыг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 4 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
М.МӨНХБААТАР