Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр - 13.14 - цагаатгасан

Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр - 13.14 - цагаатгасан

ТүгээхShare

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЦАГААТГАХ ТОГТООЛ

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/674


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Ц.Батзаяа, шүүгдэгч З.У, түүний өмгөөлөгч П.Гансүх, хохирогчийн өмгөөлөгч А.Ариунтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бадгай овогт ЗУд холбогдох эрүүгийн 2311 00473 0701 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..................................................урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...................... овогт З.У /РД:............................................./.

Холбогдсон хэргийн товч агуулга: 

Шүүгдэгч З.У нь иргэн Б.Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Mn Barimt” фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тарааж худал мэдээлэл тараасан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 

Улсын яллагчаас “ ... шүүгдэгч З.У-ийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 21 дэх тал/, хохирогч Х.Э мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-33 дахь тал/, гэрч Э.А ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 39-41 дэх тал/, гэрч Э.С ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 43-46 дахь тал/, гэрч Б.Т ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52-55 дахь тал/, гэрч П.А гийн мэдүүлэг /1хавтаст хэргийн 57-58 дахь тал/, гэрч Н-ийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 61-64 дэх тал/, гэрч Н.С гийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 66-68 дахь тал/, . сайдын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/51 дугаартай тушаал /1 хавтаст хэргийн 134 дэх тал/, хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/8 дугаартай тушаал /1 хавтаст хэргийн 135 дахь тал/, Монгол Улсын хууль зүйн сайдын айлчлалын бүрэлдэхүүн батлах тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/315 дугаартай тушаал, айлчлалын бүрэлдэхүүнийг баталсан хавсралт /1 хавтаст хэргийн 139-141 дэх тал/, Монгол улсын хууль зүйн яамны сайдын айлчлалын бүрэлдэхүүн батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/354 дугаартай тушаал, айлчлалын бүрэлдэхүүнийг баталсан хавсралт /1 хавтаст хэргийн 155-165 дахь тал/, хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2-4в/2003 дугаартай албан бичиг, лавлагааны хариу /1 хавтаст хэргийн 130-131 дэх тал/, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 11-27 дахь тал/, гэрч Д.У гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч О.Э гийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч С.С ийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 42-43 дахь тал/, гэрч Э.А ь нарын 2020 оноос хойш Монгол улсын хилээр гарсан орсон талаарх лавлагаа /2 хавтаст хэргийн 50-52 дахь тал/” зэрэг нотлох баримтуудыг, 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “ хохирогчийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 36 дахь тал/, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа /1 хавтаст хэргийн 131 дэх тал/, төлбөрийн баримтууд /2 хавтаст хэрэг/, төлбөрийн хүсэлт /2 хавтаст хэргийн 14 дэх тал/, төлбөрийн баримт /2 хавтаст хэргийн 16 дахь тал/ болон өнөөдөр шүүхэд шинээр гарган өгсөн баримтуудыг шинжлэн судална гэсэн бол, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч З.У-ийн холбогдсон хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиралд гаргасан хүсэлт /1 хавтаст хэргийн 7 дахь тал/, Нийслэлийн прокурорын тогтоол /2 хавтаст хэргийн 14 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судална гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хохирогч Х.Э, гэрч Э.А ь нарыг оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг хүлээн авч, харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч, гэрч нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн бодить байдлыг тогтоох боломжтой гэж дүгнэн уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шүүгдэгч З.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдээллийн тухайд үндэслэлтэй байсан. Тухайн үед хохирогч хилээр гарсан, цалингаа хойшлуулж тавьсан, тухайн байгууллагад байгаа хүнээс дотроос нь мэдээлэл авсан, эх сурвалжаа хэлэх боломжгүй, үндэслэлгүй мэдээлэл биш тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Х.Э “...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 12-ны хооронд . Х.Н ын тушаалаар Бүгд Найрамдах Солонгос улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг, хууль тогтоомжийн үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагаа явуулах тухай Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажлын 5 өдрийн томилолтоор явсан. Намайг томилолтоор ажиллаж байх хугацаанд над руу фэйсбүүк чатаар манай дүү Жаргал-Ундрахаас “Mn.Barimt” фэйсбүүкийн пэйж дээр миний талаар гүтгэсэн шинжтэй мэдээлэл тавьсан талаар над руу явуулсан. Тэгээд 2023 оны төлөвлөгөөний уулзалтын үеэр дээрх мэдээллийг Х.Н амаар танилцуулсан. Ингээд 16-ны өдөр ажил дээрээ очиход дээрх мэдээлэл гарсан талаар манай ажилчид мэдсэн байсан. Тэгээд захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.С ээр дамжуулан дээрх мэдээллийг шалгуулахаар гомдол гаргасан. Манай ахлах Б.Т бид 2-ын зардал нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захиалгат судалгааны зардлаас, эрдэм шинжилгээний ажилтан Б.А  нь Бүгд Найрамдах Солонгос улсын Күүкминий их сургуулийн зардлаар тус тус явсан. А  нь Күүкминий их сургуулийн зочин судлаачаар үлдсэн. Үндэслэлгүйгээр миний талаар сөрөг мэдээлэл нийтэлсэн асуудалд гомдолтой байна. Тухайн холбогдох хүнийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх. Мөн дээрх мэдээллийг устгуулах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30-33 дугаар тал/,

Гэрч Э.А ийн “...би тухайн нийтлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад албан томилолтоор явж байхдаа үзсэн. Тухайн үед Бүгд Найрамдах Солонгос Улсын Күүминий их сургуулийн Хууль зүйн сургуулиас зочид судлаачаар ажиллах, судалгаа хийх урилга Хууль зүйн үндэсний хүрээлэнд надад имэйл хаягаар ирсэн. Энэ хүрээнд би явахаар төлөвлөж байсан. Тухайн үед Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй санамж бичиг шинэчлэн байгуулах албан томилолт . яамнаас сайдын тушаал гарсан. Тэгээд уг тушаалаар бүрэлдэхүүнд ороод 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би өөр онгоцоор араас нь явсан. Тухайн үед Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э, мэргэжилтэн Т  нар түрүүлж 07-ны өдөр өөр нислэгээр явсан. Тэгээд бид нар Сөүлд уулзаад, Хууль тогтоомжийн яамтай санамж бичиг байгуулаад 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Күүкминий их сургуульд очиж би тэндээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зочин судлаачаар үлдэж судалгааны ажлаа хийж дуусаад Монголд буцаж ирсэн. Тухайн мэдээлэлтэй холбоотой миний хувьд Х.Э захиралтай албан томилолт болон аялал зугаалгаар гадагшаа өмнө нь хамт явж байгаагүй. Анх удаа явсан нь Бүгд Найрамдах Солонгос Улсад албан томилолтоор явсан байгаа ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,

Гэрч Э.С ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна. Манай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм- Ундрахыг албан айлчлалаар 2023 оны 01 дүгээр сарын 06-наас 12-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсад явж байх үед фейсбүүк “Mn.Barimt” хаягаас “Х.Э захирал байн байн гадаадад аялдаг бөгөөд явах бүртээ Б.Э ын охин А ийг дагуулж явдаг. Энэ удаад ч мөн л хамт 01 дүгээр сарын 07-ны өдөр Солонгос руу амралт зугаалга, албан томилолт аль нь тодорхой бусаар явсан байна. Эрхэм захирал гишүүний охин 2-ын аяллын золиосонд 10-нд авах ёстой байсан цалингаа тус хүрээлэнгийн ажилчид авч чадахгүй өнөөдрийг хүрчээ. Үүний улмаас банкны зээл, өдөр тутмын хэрэглээний мөнгө тасарч хүнд байдалд орсон байна. Хамгийн гол нь эрхэм захирлын аялал 1 бус удаа дараа үргэлжилдэг. Гэтэл тэр бүрт тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу? Харьяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны сахилга хариуцлага, удирдлагуудынхаа сахилгын асуудалд . яам анхаарна уу” гэсэн утгатай пост 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр оруулсныг олж мэдсэн. Ингээд маргааш нь захирал Х.Э Бүгд Найрамдах Солонгос Улсаас ирээд энэ мэдээллийн талаар танилцуулаад цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан байгаа ..., ...А  нь манай Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд Бүгд Найрамдах Солонгос Улсын Кугминий их сургуульд судлаачаар 1 сарын хугацаанд ажиллахаар энэ оны 01 сард явсан. А  нь англи хэлний шалгалтаар бусад судлаач нараас хамгийн өндөр оноо авсан байсан учраас сонгогдож тус сургуулийн зардлаар явсан. Харин манай захирал Х.Э, ахлах ажилтан Б.Т нарын хамт томилолтод хамт яваагүй, тусдаа явсан байгаа. Одоо А  Бүгд Найрамдах Солонгос Улсад судалгаагаар ажиллаж байгаа ба 2 сард ирнэ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 43-46 дугаар тал/,

Гэрч Б.Т ийн “...Би Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э болон мэргэжилтэн Э.А ь нарын хамт Бүгд Найрамдах Солонгос Улсын эрх зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Хууль тогтоомжийн яамтай хамтран ажиллах талаар санал солилцох, Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах, мэргэжилтэн судлаач Э.А ь 1 сарын хугацаатай зочин судлаачаар ажиллах болсонтой холбоотой хүлээлгэн өгөх, гадаад харилцааг идэвхижүүлэх талаар санал солилцохоор албан ажлын томилолтоор явсан. А ийн зардлыг цаанаас нь буюу Солонгос Улсын Күүкминий их сургуулиас 100%  даасан. Харин захирал бид 2-ын хувьд судалгаа хийж олсон мөнгөөрөө буюу өөрийнхөө 100%-ын зардлаар явсан байгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зардлыг гаргаагүй. Би фейсбүүкээс дээрх мэдээллийг олж уншсан. Би дээрх мэдээллийг худлаа гэж үзэж байна. Захирал байн байн гадаадад аялдаг зугаалдаг гэдэг нь худал мэдээлэл, тухайн үед албан томилолтоор би өөрөө хамт явсан. Ямар нэгэн аялал, зугаалга хийгээгүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 52-55 дугаар тал/,

Гэрч П.А гийн “... Дээрх мэдээллийг ажил дээрээ байхдаа фейсбүүк хуудаснаас хамт өрөөнд суудаг сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Цэ гийн хамт харсан. Дээрх мэдээллийг харахад нийтлэгдсэн мэдээлэл нь манай хүрээлэнгийн захирал Х.Эад атаарсан шинжтэй агуулгатай худал мэдээлэл нийтэлсэн байсан. Тухайн үед манай захирал Солонгос Улс руу албан томилолтоор явсан. Тухайн үед манай захирал Солонгос Улс руу албан томилолтоор явсан байсан. Миний хувьд би цалингаа хүлээгээд суудаггүй учраас ямар нэгэн асуудал надад гараагүй. Харин миний өрөөнд суудаг Ц , Цэ  нарын хувьд цалингаас болж ямар нэгэн асуудал гарсан гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Гэрч На ын “...Би дээрх мэдээллийг нийтлэгдсэн өдрийн маргааш нь фейсбүүк цахим данснаас олж харсан..., ...Захирлыг өмнө нь томилолтоор явсан тохиолдолд цалин хоцорсон асуудал гарч байгаагүй. Харин энэ оны 1 сард Солонгос Улс руу  албан томилолтоор явсан хойгуур цалин 5 хоног хоцорч орсон санагдаж байна. Захирлыг орлож үлдэж байгаа Эрдэмтэн нарийн бичгийн дарга, санхүүгийн баримт дээр гарын үсэг зурах эрхгүй байдаг ба бусад асуудал дээр гарын үсэг зурах эрхтэй байдаг. Манай хүрээлэнгийн цалин сарын 10 болон 25-ны өдөр буудаг. Энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захирал Монголд байгаагүй гадаадад томилолттой байсан ба захирал цахимаар баталгаажуулдаг байсан. Тухайн үед манай ахлах нягтлан бодогч Болдын бодож явуулсан цалинг захирал гадаадаас баталгаажуулж болохгүй, алдаа заагаад байна гэж манай ахлах нягтлан Болд, тооцооны нягтлан Ариунаа нар надад хэлж байсан. Тэгээд захирал нэвтрэх эрхээ ахлах нягтлан бодогч Болдод өгөөд цалингаа буулгачих гэж хэлүүлж байсан. Тэгэхэд ахлах нягтлан бодогч Болдын аав нь нас барж, ажилдаа 2 хоног ирээгүй чөлөө авсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 61-64 дүгээр тал/,

Гэрч Н.С гийн “...Дээрх гарсан мэдээлэл нь худал мэдээлэл тавигдсан байсан. Захирал Х.Э тухайн үед ажлын шугамаар Солонгос Улс руу албан томилолтоор санамж бичиг байгуулахаар, судалгааны чиглэлээр явсан байсан. Дээрх мэдээлэлд аялал зугаалгаар явсан гэдэг нь худал мэдээлэл байсан. Тухайн үед цалин цагтаа буусан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 66-68 дугаар тал/,

Гэрч Д.У гийн “...би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын Б/41 дугаартай тушаалаар тус байгууллагад ахлах нягтлан бодогчоор томилогдож ажиллаж байна. Манай байгууллагын ажилчин, алба хаагч нарын цалинг 2 удаа буюу сар бүрийн 10-ны дотор урьдчилгаа цалинг, 2 дахь цалинг 25-ны өдрийн дотор олгодог ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч О.Э гийн “...би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтанг хийж байна ... би цалингаа дансаар сард 2 хувааж сарын 10, 25-нд авдаг. Миний хувьд цалингаа хугацаандаа авч чадахгүй, намайг хохироож байсан асуудал манай байгууллагын зүгээс байхгүй. Харин оны эхний 1 дүгээр сарын цалин 10-ндаа буухгүй ганц, хоёр хоногоор хойшилсон тохиолдол байсан. Энэ нь дээд байгууллагаас төсөв хуваарилж олгож орж ирдэгтэй холбоотой байсан. Э.А ь бид хоёр 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цуг эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд орсон ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Гэрч С.С ийн “...би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан хийж байна ...би цалингаа дансаар, сард 2 хувааж 10, 25-ны өдөр авдаг. Би цалингаа тогтмол хугацаанд авч байгаа. Намайг байгууллагын зүгээс цалин олгохгүй хохироосон асуудал байхгүй ...намайг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилд ороход А  эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

Гэрч Э.А ийн дахин өгсөн “...би гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажлыг давхар хариуцан ажилладаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би Солонгос улс руу онгоцоор ганцаараа явсан. Мөн тэр манай хүрээлэнгийн захирал Э , ахлах эрдэм шинжилгээний ажилтан нар надаас өөр онгоцоор түрүүлээд явсан. Миний хувьд бол 2023 оны 01 дүгээр сарын 11-нээс 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Күүмийн Их сургуулийн Хууль сургуулийн урилгаар судалгааны ажил хийхээр, тэр сургуулийн зардлаар явсан. Би бол тэр сургуулийн байранд байрласан. Солонгос улсад очоод 2023 оны 01 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнтэй “Санамж бичиг” байгуулах, Хууль тогтоомжийн яамтай хамтын ажиллагааны хүрээнд уулзалтыг зохион байгуулах ажлыг хариуцан, уулзалтын талаар мэдээг Хүрээлэнгийнхээ сайтан дээр байршуулсан ажиллаж явсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, 

Х.Э, Э.А ь нарын 2020 оноос хойш Монгол Улсын хилээр гарсан орсон талаарх лавлагаа /2 хавтаст хэргийн 50-52 дугаар тал/,

Олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

. сайдын 2020 оны 10 дугаар сарыг 02-ны өдрийн Б/51 дугаартай тушаалд “...Х.Эыг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс Хууль зүйн ундэсний хүрээлэнгийн захирлаар томилсугай...” гэжээ / 1 хавтаст хэргийн 134 дүгээр тал/,

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны 05 дугаар сарыг 31-ний өдрийн Б/8 дугаартай тушаалд “...Э.А ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаагаар Эрдэм шинжилгээний ажилтан албан тушаалд ажиллуулсугай...” гэжээ /1 хавтаст хэргийн 135 дугаар тал/,

Монгол улсын хууль зүйн сайдын айлчлалын бүрэлдэхүүн батлах тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/315 дугаартай тушаал, айлчлалын бүрэлдэхүүнийг баталсан хавсралт /1 хавтаст хэргийн 139-141 дүгээр тал/,

Монгол улсын хууль зүйн яамны сайдын айлчлалын бүрэлдэхүүн батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/354 дугаартай тушаал, айлчлалын бүрэлдэхүүнийг баталсан хавсралт /1 хавтаст хэргийн 155-156 дугаар тал/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2-4в/2003 дугаартай албан бичиг, лавлагаа /1 хавтаст хэргийн 130-131 дүгээр тал/, 

“...Х.Э 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр гарч, 05 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын хилээр гарч 11 дүгээр сарын 27-ны өдөр орж ирсэн, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр улсын хилээр гарч 01 дүгээр сарын 14-ний өдөр орж ирсэн...”,

“...Э.А ь нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр улсын хилээр гарч, 08 дугаар сарын 10-ны өдөр орж ирсэн, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр улсын хилээр гарч 09 дүгээр сарын 01-ний өдөр орж ирсэн, 2023 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр улсын хилээр гарч 02 дугаар сарын 07-ны өдөр орж ирсэн..."

2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хэрэгт хүлээн авсан тэмдэглэл /2 хавтаст хэргийн 11-27 дугаар тал/,

Шүүгдэгч З.У-ийн “...би тухайн Mn Barimt фэйсбүүк хуудсанд эрхтэй мэдээлэл оруулах эрхтэй байсан. Тухайн мэдээллийг би өөрөө 2023 оны 01 дүгээр сарын 12-нд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 52-29 тоот гэртээ байхдаа дээрх мэдээллийг оруулсан. Дээрх мэдээлэл гүтгэлгийн чанартай биш бодит тодорхой мэдээлэл байгаа. Тухайн үед Х.Э тодорхойгүй гадагшаа явсан байсан. Ер нь удаа дараалан явдаг. Томилолтоор явдаг эсэхийг мэдэхгүй. Тэрнээс болж ажилчдын цалин цагтаа буухгүй хоцорсон байсан. Ер нь цалин цагтаа буухгүй хоцроодог асуудал нэг удаагийнх биш нэлээд хэдэн удаагийнх байсан. Сая 4 дүгээр сарын Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын цалин 4 хоног хоцорсон гэж сонссон. Тухайн шалтгаан нь нягтлан байхгүй учраас цалингаа тавьж чадаагүй гэсэн тайлбартай байсан. Би сэтгүүлчийн хувьд эх сурвалжаа хэлэхгүй байх эрхтэй. Олон Улсын сэтгүүлч хүний ёс зүйн код гэж байдаг. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо Олон Улсын сэтгүүлчдийн холбоонд нэгдсэн байдаг. Энэ мэдээлэл нь хувь хүн Э-ын нэр дээр оруулсан мэдээлэл. Тэгэхэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс байгууллагын нэр хүндэд халдсан гэж гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 101-103 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 122 дугаар тал/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 220 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дээр дурдсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:

“Шүүгдэгч З.У нь иргэн Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь “Байн байн гадаад улсад аялдаг, аяллын золиос нь тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр хүнд, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг цахим хуудсаар олон нийтэд тараасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Тухайн цахим хуудас нь 8,600 гаруй дагагчтай хуудас байдаг. Үүн дээр мэдээлэхдээ иргэн Э ыг удаа дараа гадаад улсад аялж, зугаалдаг. Ингэхдээ ........ны даргаар ажиллаж байсан Энхбаярын төрсөн охин А ийг гадаад руу явах болгондоо дагуулж явдаг гэх мэдээлэл цацагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар хохирогч Э  нь 2022 оноос хойш 3 удаа гадаад улс руу явахад нь гэрч А  нь байнга хамт явсан асуудал байхгүй гэж авагдсан байгаа. Харин 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Монгол улсын хилээр гарсан гэх лавлагаа авагдсан. Энэ тухайн мэдээлэлд цацагдсан утга агуулга нь үгүйсгэгдэж байгаа. Учир нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн . сайдын хохирогч Э ыг Бүгд Найрамдах Солонгос улсад албан томилолтоор ажиллуулах тухай баримтаас харахад 2023 оны 01 дүгээр сарын 7-14-ний өдрийн хооронд ажил хэргийн шугамаар явсан гэдэг нь нээлттэйгээр гарсан байдаг. Шүүгдэгч нь ямар хүнээс мэдээлэл авсан гэдгээ нууцалж байгаа. Тиймээс шүүгдэгч нь тухайн мэдээллийнхээ үнэн, бодит байдлыг шалгаж үзээгүй байна гэж үзэж байна. 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2 дугаар зүйлд зааснаар эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж тодорхой дурдахыг шаардана гэсэн шаардлагыг шүүгдэгч биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар сар бүрийн 10, 25 өдөр цалин тавина гэсэн хэдий ч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн цалин нь 3 хоног хойшлогдож орсон. Гэтэл тус мэдээлэл дээр тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу? гэсэн утга нь тухайн хүрээлэнгийн захирал нь гадаад улс руу явах болгонд хойшилдог, хохирдог гэсэн нөхцөл байдалд орсон гэж илэрхийлж байна. Гэтэл цалингийн талаар ямар нэг гомдол саналтай хүн байдаггүй ба хэрэгт гэрчээр асуух бүрэн боломж байсан. Энэ мэдээллийг үнэн гэж өөрөө итгэл, үнэмшил авсан байна гэж үзэж байна. Хохирогч нь гэрч А тай хамт гадаад улс руу явж таарсан боловч А  нь 2023 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүртэл БНСУ-д их сургуульд суралцах туршил, судалгаа, эрдэм шинжилгээний асуудлаар явсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч нь мэдээллийн эх сурвалжаа нягтлахгүйгээр цахим сүлжээнд нийтэлж бусдын нэр хүнд алдар хүнд ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч З.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Шүүхийн шатанд гарган өгсөн нэхэмжлэлийн баримт нь тухайн гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардлууд мөн эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа зүйлийг үнэн бодитой эсэхийг шүүх хянан үзэж шийдвэрээ гаргах нь зүйтэй. Бодитоор учирсан хор уршгийг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна ...”  гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогчоор тогтооно гэсэн байдаг. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгчийн ажил хэргийн нэр хүндэд нь халдсан илт худал мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн бол Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох гадаад улсын хууль тогтоомжтой харьцуулсан судалгаа хийх, эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага. Энэ байгууллагыг тэргүүлж байгаа хүнийг тухайн ажил хэргийн нэр хүнд, ёс зүйн хувьд шууд чиглэсэн илтэд худал мэдээллийг тараасан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч гадаад улс руу гарсан нь үнэн, цалин хөлс нь цагтаа олгогдоогүй байгаа учраас тухайн мэдээлэл нь үндэслэлтэй байна гэсэн тайлбар шүүгдэгчийн тал хэлээд байна. Цалин хөлс хоцорсон асуудлыг нягтлан шалгаж үзээгүй байна. Энэ асуудал бол хохирогч Э тай холбоотой тэр тусмаа Э  гадаад улс руу аялснаас болоод цалин нь хугацаандаа тавигдсангүй гэсэн мэдээллийг олон нийтэд тарааж байна. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн хорооны дарга Энхбаярын охин, судлаач А ийг гадаадад явах бүртээ дагуулж явдаг гэсэн байгаа нь Э  захирал нь ажилтнуудаа ялгаварлан гадуурхдаг, зөвхөн нэг хүнд давуу байдал бий болгодог гэсэн ойлголтыг өгсөн байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн хорооны дарга Энхбаярт тал засдаг гэж ойлгогдож байна. Цахимд нийтэлсэн мэдээллийн хамгийн доод талд харъяалах байгууллагынхаа үйл ажиллагаа, ёс зүйн асуудал . яам анхаарна уу гэж бичсэн байгаа нь ёс зүйн асуудалтай нь мөн холбогдуулж Э  нь ажлаа хийдэггүй, байнга аялж явдаг, ёс зүйгүй, ялгаварлан гадуурхдаг гэсэн мэдээллийг тараасан байна. Монгол Улсын бүх хууль нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгээр дамждаг. Тус хүрээлэнгийн тэргүүлэгч нь ёс зүйгүй хүн байна гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж байгаа нь тухайн байгууллагад сэтгэлээ гаргаж, цаггүй ажиллаж байгаа хүнийг сэтгэл санаанд нь дарамт учруулж, нэр хүндэд нь халдаж байна гэж үзэж байгаа. “Эрхэм захирлын аялал нэг бус удаа дараа үргэлжилдэг. Гэтэл тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу” гэсэн байгаа. 2022 онд миний үйлчлүүлэгч 2 удаа гадаад улс руу гарсан байдаг. Энэ тухай бүрт цалин хөлс нь хугацаанаасаа өмнө өгдөг баримт байгаа. Үүнийг нягтлаагүй байж “удаа дараа”  гэж тодорхойлсон байгаа нь илт худал мэдээлэл байна гэж хохирогч тал үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч хуульч хүн учраас энэ асуудал маш хүндээр туссан. Э-д хөрөнгөтэй холбоотой гарсан хохирол болох 9,157,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний үйлчлүүлэгчийн нүүр нь өмнө татаж байгаагүй ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж байгаа хуулиудад мэдээллийн эх сурвалжийг нууцална, нууцлахгүй гэсэн зүйл байдаггүй. Тиймээс Олон Улсын гэрээ, конвенцид заасныг дагах учиртай. Миний үйлчлүүлэгчийн зүгээс мэдээллийн эх сурвалжаа нууцлаад байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид мэдээлэл өгч байгаа хүн нь цалингаа авч чадаагүй хүн. Мэдээлэл дээр авагдаж байгаа үг үсгийг ямар нэг байдлаар урьдчилж хэлж болохгүй. “Сарын 10-ны өдөр цалингаа авч чадаагүй байна, үүнээс болж ажилчид нь хохирсоор байх уу?” гэж бичсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байгаа эсэх дээр тайлбар хэлье. Энэ бол илт худал мэдээлэл биш. 01 дүгээр сарын 10-ны өдөр Э  ажилдаа байсан уу гэвэл үгүй. Гадаад улсад байсан. 01 дүгээр сарын 10-ны өдөр цалин буух ёстой байсан бол буугаагүй. Үүнийг миний үйлчлүүлэгч бичсэн. Ийм үнэн, зөв мэдээллийг бичсэн байгаа нь илт худал мэдээлэл биш. Улсын яллагч Хөдөлмөрийн тухай хуулийг судалж үзэх хэрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 104.7 дугаар зүйлд зааснаар хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй бол буруутай этгээд зөрчлийн тухай хууль болон бусад хуульд заасан хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл Э  захирал цалингаа цагтаа тавих ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1 дүгээр заалтад зааснаар тогтсон өдөр ажил олгогч цалин хөлсийг нь олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0,3%-тай тэнцэх алданги тооцно гэсэн байгаа. Үүнийг Төрийн сангаас олгодог. Төрийн сангаас олгохгүй байвал олгох ёстой цалингийн 0,3% алдангийг ажил олгогч Төрийн сангаас авч өгч байх ёстой. Тиймээс үүнийг Хөдөлмөрийн тухай хуулиар хуульчлаад өгсөн байгаа. Цалингийн асуудлыг захирал нь гадаад улсад явж байсан, тоон гарын үсэг нь болохгүй байсан, нягтлангийн аав нь нас барсан байсан гэсэн тайлбарыг улсын яллагч өгч байна. Гэтэл нягтлангийн аав нь 01 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан байна. Энэ бол хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Э  захирал гадаад улсад томилолтоор ажлаар явсан нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн. Э  захирал Хөдөлмөрийн тухай хуулиа баримтлаад гадаад улсад томилолтоор явах бол өөрийн орлох хүмүүст ажлаа даалгаж болох байсан. 01 дүгээр сарын 10-ны өдөр олгогдох байсан цалинтай нягтлангийн аав нь нас барсан асуудал ямар холбоотой вэ? Үүнд яагаад хууль зүйн дүгнэлт хийхгүй байна вэ? Бид Хөдөлмөрийн тухай хуулийн баримтлах ёстой. Энэ гэмт хэргийг миний үйлчлүүлэгч үйлдээгүй. Миний үйлчлүүлэгчийн гаргасан баримт бол энэ гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангаагүй байгаа учраас гэмт хэрэг гэж үзэхгүй ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, 

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд тус тус зохицуулсан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч 

З.У-ийг иргэн Б.Э-ыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг “Mn Barimt” фэйсбүүк цахим хуудсаар олон нийтэд тарааж худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.У-ийн тус үйлдлийн гол нотолгоо олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар “ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э-ын гадаад аяллын хохирогч ажилчид болоод байна. Х.Э захирал байн байн гадаадад аялдаг бөгөөд явах бүртээ УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Б.Энхбаярын охин судлаач Э.А ийг дагуулж явдаг аж. Энэ удаад ч мөн л хамт 01 дүгээр сарын 07-ны өдөр Солонгос руу амралт, зугаалга, албан томилолт аль нь тодорхой бусаар явсан байна. Эрхэм захирал, гишүүний охин хоёрын аяллын золиосонд 10-нд авах ёстой байсан цалингаа тус хүрээлэнгийн ажилчид авч чадахгүй өнөөдрийг хүрчээ. Үүний улмаас банкны зээл, өдөр тутмын хэрэглээний мөнгө төгрөг тасарч хүнд байдалд орсон байна. Хамгийн гол нь эрхэм захирлын аялал нэг бус удаа дараа үргэлжилдэг. Гэтэл тэр бүрт тус хүрээлэнгийн ажилчид хохирсоор байх уу, Харьяа байгууллагынхаа санхүүгийн болон үйл ажиллагааны сахилга хариуцлагын, удирдлагуудынх нь ёс зүйн асуудалд ХЗДХЯ анхаарна уу “ / 1 хавтаст хэргийн 21 дүгээр тал/  гэж бичсэн үйл баримт тогтоогдож байна.

Мөн тухайн үйл баримтанд дурдсан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 14-ны хооронд,  Б.А  2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Солонгос улсад томилолтоор ажилласан, мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажилчдын цалин сарын эхний 10, 25 нд буудаг гэх боловч тухайн жилийн эхний ажилчдын цалин 2023 оны 01 дүгээр сарын 17-нд буусан болох нь хавтаст хэрэгт авагдаж улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлэг, албан томилолт, хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар  тогтоогдож байна.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.

Харин уг MN Barimt нэртэй фэйсбүүк хэрэглэгчийн постонд тавигдсан мэдээллийг үзэхэд яллах дүгнэлтэд бичигдсэн шиг “байн байн гадаадад аялдаг, аяллын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэх хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл нь хохирогч Х.Э рүү гутаан доромжлох байдлаар шууд чиглэсэн, илт худал мэдээлэл биш болох үйл баримт тогтоогдож байна

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. 

Энэ гэмт хэргийн үндсэн обектив шинжид илт худал мэдээллийг тараасан гэх шинжийг тусгасан байна. Илт худал мэдээлэл гэдэг нь ор үндэслэлгүй, хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг унагаах, гутаан доромжлох, гүтгэх зорилготой санаатай үйлдэл байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үнэлж, дүгнэхэд шүүгдэгч З.Уийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Mn barimt гэх фэйсбүүк хуудсанд нийтэлсэн мэдээллийн агуулгад дурьдагдаж буй үйл баримт нь илтэд худал мэдээлэл биш гэж дүгнэх үндэслэлтэй байна. Учир нь хохирогч Х.Э нь Э.А ийн хамтаар гадаад улсад албан томилолтоор БНСУ-д зорчсон, мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчдад цалин олгохдоо нягтлан бодогчийн мэдүүлэгт дурьдагдсан цалинг тогтмол олгодог хугацаанаас хоцорч цалин олгосон зэрэг үйл баримт нь нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч З.Уийн хувьд илтэд худал мэдээлэл тараасан буюу ямар ч үндэслэлгүй, огт болоогүй үйл баримтын талаар мэдээлэл тараасан гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ түүний үйлдэлд хохирогч Х.Эын нэр төр, алдар хүндэд халдах субъектив санаа зорилго агуулагдсан болох нь тогтоогдохгүй байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.У-ийн үйлдэл нь нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулаагүй буюу обьектив, субьектив талын шинж хангагдахгүй байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

 Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх З.У-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн тул  хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүгдэгч З.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь хохирогч Х.Э-ын нэр төр, алдар хүндэд учирсан гэм хортой иргэний журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хөндөхгүй болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У-д холбогдуулан хохирол нэхэмжлэх тухай хүсэлт, холбогдох баримтын хамт шүүхэд нийт 8 915 633 төгрөг хохирлын баримт гаргаж нэхэмжилснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дахь хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон болно. 

Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг хөндөхгүй болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.У-д холбогдох эрүүгийн 2311 00473 0701 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай. 

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг тус тус дурдсугай.

3. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

4. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
Д. РЕНЧЕНХОРОЛ