Иргэний хэргийн шүүхийн шийдвэр - нэр төр - нэхэмжлэлийг хангаагүй

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр - нэр төр - нэхэмжлэлийг хангаагүй

ТүгээхShare

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/01845


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б.Д-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернетээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр,

Хариуцагч Б.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж,

Иргэдийн төлөөлөгч Д.Насанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Дд холбогдуулан Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернетээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч Б.Д нь 2021.03 дугаар сарын эхээр өөрийн ..................сайтдаа намайг “Төрийн дайсан, С.Б-ийн тарьж ургуулсан балагт хар модны мөчир нь Т.Б юм. С.Б- даргатайгаа хуйвалдаж 54 оюутныг өндөр дүнтэйгээр суралцуулсан. 54 оюутныг шалгаруулахдаа удирдлагын зүгээс хэт нөлөөлснийг Аудитын байгууллага тогтоосон. Т.Б гэрээ хийж, охидынхоо ариун цэврийн хэрэглэлд нь 13,400 ам долларыг сар бүр улсын төсвөөс гаргуулж төлсөн. Гэрээний барьцаанд байсан орон сууц чөлөөлөх луйврыг дотроос нь хийсэн.  Хил дамнан мөнгө угаасан болох нь тогтоогдсон. Т.Б-ын хэрэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн хүчтэй байдгийн адилаар замхарсан. Охиддоо хагас тэрбум төгрөгийн боловсрол эзэмшүүлэхдээ Иргэний нисэхийн ерөнхий газраас зардлыг нь гаргуулсан. Том охиндоо 50,000 фунт стерлингээр, бага охиндоо 280,000,000 төгрөг гаргуулсан. 2 охин болон хамаатан садандаа нийт 1,2 тэрбум төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулсан. Т.Б бол эрх мэдэлтэн, намчин. Хонгилын дээд шүүх дээр очиж, 14,000,000 төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан. Т.Баар дамжуулан Иргэний нисэхийн ерөнхий газрыг багалзуурдсан хэвээр байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж, амин хувийн ашиг хонжоо болгосон. Т.Б албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашиглаж, төрийн дайсан С.Б-тэй хувилдаж, зохион байгуулсан” гэх мэтээр миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг болон гэр бүл, үр хүүхдүүдийг минь гутаасан... 

Энэ нийтлэлээ нэр бүхий 25 сайтууд дээр, фейсбүүк твиттерээр ихээр цацсан бөгөөд энэ нь бодит үнэнийг мушгин гуйвуулж, хувь хүний алдар нэр, албан тушаалд бүдүүлгээр халдаж үндэслэлгүйгээр гутаасан бөгөөд энэ байдлаас болж миний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд хохирч, эмнэлэгт хэвтсэн. Гэр бүл минь сэтгэл санааны хямралд орсон. Том охин минь хүртэл нөхрөөсөө салсан. Бага охин минь эх орондоо амьдарч чадахааргүй болсон... 

Олон төрлөөр миний нэр төрийг гутаасан. Нийгэм намайг хулгайч, зальтай этгээд гэж ойлгочихсон би улсад 40 жил ажиллаж байна. Эхний 8 жилд Батлан хамгаалах газарт, 1989 оноос хойш 34 дэх жилдээ Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж байгаа. Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын Захиргааны ажилтнаар 2000 оноос хойш 24 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 17 жилд нь Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа. 

Би энэ хүний хэлснээр төрийн дайсан, хагас тэрбум төгрөгөөр хүүхдүүдээ сургасан, хүүхдүүдийнхээ ариун цэврийн хэрэглэлд нь олон мянган доллар өгсөн бол аль хэдий нь хэрэгтэн болох байсан. 2013 оноос хойш бүлэг хүмүүс захиалж, намайг гүтгэсэн. Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газар удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, намайг шалгасан. Би үүн дээр бардам байсан. 

Манай хүүхдүүд Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Энд миний ямар ч нөлөө байхгүй 

Том охин маань сургуулиа амжилттай төгсөөд 15 дахь жилдээ нисэхийн удирдагчаар ажиллаж байгаа. Бага охин минь 2012 онд мөн л сонгон шалгаруулалтад тэнцээд коллежид суралцахаар явсан. Эгчийнхээ хүүхдийг, жолоочийнхоо хүүхдийг сургасан гэж бичээд байдаг. 

Эгчийн хүүхэд болон жолоочийн маань хүүхдүүд манай байгууллагын үндсэн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу суралцахаар явсан. 

Манай байгууллага маш олон буюу 154 хүнийг гадаадад сургасан. 1990 оноос хойш Нисэхийн боловсон хүчин бэлтгэх ажил зогсож, тасалдал үүсч, залгамж халаа байхгүй хэцүү байдалд байсан. 2007, 2008 оноос Боловсон хүчний гадаад бодлого, тухайн үеийн төр засгийн зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан. 

Миний хүүхдүүд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу сонгон шалгаруулалтад тэнцэж, суралцсан. 2013 оноос хойш би намын харъяаллаар удаа дараа халагдаж, шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалаар буцаж 2016 онд ажилдаа орсон. Олон хүмүүс Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагад ажиллах хугацаандаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогыг алдагдуулсан. 

Яамны сонгон шалгаруулалтыг явуулдаггүй, танил талаа, чадваргүй хүмүүсийг оруулсан явдал Иргэний нисэхийн ерөнхий газарт болсон. Эдгээр явдлыг надад хамааруулж бичээд байдаг. Хууль хяналтын байгууллагууд намайг удаа дараа шалгаж гэм буруугүй гэдгийг тогтоосон шийдвэрүүд байгаа. Хуулийн байгууллагаар буруугүй гэдгээ тогтоолгосон учраас би одоо ажлаа хийгээд явж байгаа. 

Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжлийн инженер нисгэгч, доктор цолтой хүн нь ганцхан би юм. Бусад нь улс төрийн тавиулууд байдаг. Гэтэл намайг гүтгэчихсэн Б.Д намайг огт танихгүй. Б.Дг захиалгаар нийтлэл бичсэн гэж бодож байгаа. Авлигатай тэмцэх газрын шалгалт ирж намайг шалгасан. Авлигатай тэмцэх газрын шалгалтаар олон хүмүүсийн булхай илэрсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Тэр нь бол бодитой. Гэтэл үүнийг л сүүлд болсон юм шигээр надтай холбоод бичээд байдаг. Энэ нь миний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлд минь нөлөөлж байна. 

Мөн намайг албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашиглаж, төрийн дайсан гэх хүнд ялд оруулсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр Б.Д уг нийтлэлийг бичсэн нь шалгагдаж тогтоогдсон. Төрийн дайсан булан байсан гэж хэлж байна. Уг булан дээр нь гарчиглачихсан байгаа. Энэ нийтлэл нь нэг удаа тавьсан асуудал биш бөгөөд 2021.03 сард уг нийтлэл тавигдсан ба 2022 оныг дуустал ..................сайт дээр бүтэн жил болсон. 

Хариуцагч Б.Д нь дээрх нийтлэлээ нийт 25 сайт дээр тавьж, фэйсбүүк, твиттерээр маш олон хүмүүс намайг аймшигтайгаар доромжилсон. Үүнээс болж гэр бүлийнхэн минь намайг ажлаасаа гар гэж хүртэл хэлсэн. Би хийгээгүй хэргийнхээ төлөө бууж өгөхгүй. Энэ төрд шударга хүн нэг ч болтугай байх ёстой. С.Б-ийн хамгийн дотны хүн Т.Б гэдгийг иргэний нисэхийн ерөнхий газар даяар ярьсан гэж байна. Б.Д энэ талаар яаж мэдсэн бэ. Би энэ хүний найз байгаагүй, миний дарга л байсан. Захиалгаар хийсэн нь тодорхой байна.

Ингэж ихээр гүтгүүлж байхад ямар ч хүн тэсэхгүй. Хүнийг үгэн сумаар хэдэн талаас жадлахад яагаад ч тэсэхгүй. Миний хувьд энэ үед сэтгэл зүйд их хэцүү байсан. Аймшигтай жирийн хүний дааж давшгүй зүйлийг би давж гаргасан. Би сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон. Миний зүрх өвддөг болсон. Хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан. Үгээр цохихоор сүхээр цохисон нь дээр гэдэг. Б.Д нь захиалгаар хүнээс хөлс авч ажилладаг хүн юм байна гэж ойлгосон учраас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа тул 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээдэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нар өөрсдийн хүүхдүүдийг сургадаг байсан талаар 2007, 2008 оноос хойш хэвлэлээр бичигддэг байсан. Миний бичвэр баримттай бичигддэгээрээ ялгаатай. Би зохиож бичээгүй. Тухайн үед энэ нийтлэлийг бичихдээ Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалууд, дотоод хяналт шалгалтын дүгнэлт дээр тулгуурлаж, баримттайгаар бичсэн. 

Төрийн дайсан гэсэн нэр томъёо нь ..................сайтын нэг булан бөгөөд энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие биенээсээ ялгарах, сэтгүүл зүйн хэлбэр. Төрийн дайсан гэх энэ буланд албан тушаалтнуудын талаарх асуудлыг хөндөж бичдэг байсан. 

2014 оны Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр С.Б-өд 6,6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гарж байсан. 

Сабо нийгэмлэг, Замдаан сэтгүүл гэх тодорхойгүй байгууллага оруулж ирсэн гэж хэллээ. Аудитын дүгнэлт дээр 54 оюутныг сонгон шалгаруулахдаа уг дундын зуучлалын байгууллагыг оруулж ирэх шаардлагагүй байсан. Сургалтын төлбөр нь 3,000,000 ам.доллар байхад зөрүү нь 2,000,000 гаруй ам.доллар байна. Уг байгууллагыг судлахад Гордон гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй гадаад байгууллага гэх боловч Гордон нь ямар ч хамааралгүй, тийм хүн байхгүй байсан. Оюутнуудыг сургах нь чухал биш, хувийн ашиг сонирхлын шинжтэй байсан гэдэг нь  Аудитын дүгнэлт дээр гарч ирсэн.

Т.Б нь С.Б-тэй хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг өндөр төлбөртэйгөөр суралцуулахаар зохион байгуулжээ гэж байна. Үүнийг С.Б- тушаал гаргаж, Т.Баар батлуулсан 6 хүний ажлын хэсэг байгуулж, уг 54 оюутны тоонд өөрийн охидууд нь хамрагдсан. Т.Б нь барьцаалуулах гэрээ хийж, эхнэр нь батлан даасан. 

Гадаадад өндөр төлбөртэй сургуульд улсын зардлаар сурах боломж энгийн айлын хүүхдүүдэд олддоггүй. Дарга нар нь буюу сонгон шалгаруулах ажлыг ахалж байсан хүн нь журмаа зөрчиж, 54 оюутныг сонгон шалгаруулсан. Уг сургуульд Монголоос ирсэн оюутнууд нь тухайн үед сургалтын чанаргүй ирсэн учраас үндсэн ангидаа орж чадахгүй хэлний бэлтгэлдээ суугаад байсан. 

Т.Б нэхэмжлэл гаргахдаа бүтэн жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, доромжилсон гэж байна. Би нэг удаа л нийтлэл бичсэн. Миний нийтлэлийг бусад мэдээллийн хэрэгслүүд хуулбарласан. Нэр бүхий 25 мэдээллийн сайтууд дээр би тараагаад байсан зүйл байхгүй. Эдгээр сайтууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх нийтлэлийг миний зөвшөөрөлгүйгээр шейрлэж өөрсдийн сайтуудаар дамжуулан нийтлэсэн нь надтай ямарч хамааралгүй.

Намайг Цагдаагийн байгууллагад дуудсанаас хойш шийдэгдэх хүртэл нэмж нэг ширхэг ч үг, өгүүлбэр тавиагүй. Уг нийтлэл дээр үргэлжлэл бий гэж байгаа. Яагаад үргэлжлүүлж бичээгүй вэ гэвэл манай сэтгүүл зүйд нэг алдаа байдаг. Нэг нийтлэлээс болоод гомдол гаргахад шүүхээр орох гэж байна гээд зарлаад явчихдаг. Энэ нь тухайн хэрэг маргаан шударгаар шийдвэрлэхэд төвөгтэй болгочихдог... 

Гэрээний барьцаанд байсан орон сууцыг хууль зөрчиж, хугацаанаас нь өмнө эрх мэдлээ урвуулан ашиглаж, чөлөөлүүлсэн, охидоо байгууллагын зардлаар гадаадад удаа дараа сургасан баримт нь байгаа... 

Намайг ямар нэг даргын захиалгаар бичсэн гэж ярьдаг. Тэр яриад байгаа дарга нь адилхан хүүхдээ байгууллагын зардлаар сургасан. Энэ хүмүүс дундаас Т.Б хамгийн олон удаа буюу 2 охиноо 2, 2 удаа сургасан. Нэг охин нь сургуульд сурч байгаад хөөгдөж, дахиад сургасан байдаг. Одоо энд сууж байгаа иргэдийн төлөөлөгчийн хүүхдэд болон энгийн айлын хүүхдүүдэд гадаадад өндөр төлбөртэйгөөр сурах боломж олддоггүй. Жолооч н.Аийн тухайд Т.Б хүлээн зөвшөөрсөн. Т.Бын охидууд Б.Х, Б.Нтус бүр 2 гадаадын их сургууль төгссөн. Ариун цэврийн хэрэгсэл гэдэг нь зардлын нэг хэсэг бөгөөд сэтгүүлч нарын бичвэрээ илэрхийлэх арга юм.

Би Т.Бын 2 охиныг огт сурах ёсгүй гэж огт бичээгүй, сонгон шалгаруулалтын журам зөрчиж, өөрсдийн хүүхдүүдийг болон хамаарал бүхий этгээдүүдээ сургасан гэж бичсэн. Охиныхоо нөхрөөсөө салсныг, эмнэлэгт хэвтсэнээ хүртэл миний буруу гэж хэлж байгаа нь үнэхээр харамсалтай байна.

Миний бичсэн нийтлэл баримттай учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв. 

 

3.Иргэдийн төлөөлөгч Д.Насанжаргал нь “хариуцагч буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно. 

 

4.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.07.20-нд улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5 х/

-Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2022.05.31-ний өдрийн 1/1326 тоот “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 6 х/

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.03.15-ны өдрийн 5/336 тоот “Гомдлын хариу” гэх мэдэгдэх хуудас /хх-ийн 7 х/

-Сайтад үзлэг хийсэн тухай 2021.03.29-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 8-10, 111-112 х/

-Нийслэлийн прокурорын газрын 2017.03.07-ны өдрийн 37 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-ийн 11-13 х/

-Нийслэлийн прокурорын газрын 2016.02.01-ний өдрийн 01 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол /хх-ийн 14-15 х/

-..................сайтын “Улсын төсвөөс охидоо хагас тэрбумтөгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай гэсэн нийтлэл /хх-ийн 16-17 х/

-Байгууллагын зардлаар суралцуулах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 18, 19 х/

-ИНЕГ-аас 45,000 ам.доллар буюу 129 сая төгрөг гаргуулан АНУ-д суралцуулахаар энэ гэрээг Т.Бтай хийсэн А.Б нь Т.Бын жолооч Д.Аийн хүү юм гэх гарчиг бүхий “ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцагчтай байгуулах 3 талт гэрээ /хх-ийн 20 х/

-Т.А нь Т.Б-ын эхнэр Н.О-ийн дүү болох Н.Т-ийн хүү юм. 45,000 доллар буюу 129,000,000 төгрөг гэх гарчиг бүхий “ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцагчтай байгуулах 3 талт гэрээ /хх-ийн 21 х/

  -“ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцахаар Т.Бтай гэрээ хийсэн Б.А нь Т.Бын төрсөн эгч Т.О-ын хүү гэх гарчиг бүхий “ИНЕГ-ын зардлаар Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ /хх-ийн 22 х/

-..................сайтын нийтлэлд бичсэн сэтгэгдэлүүд /хх-ийн 23-28 х/

-..................сайтын “Төсвийн мөнгө уйлдаггүй Т.Б-ын төрөл садангийн ашиг сонирхол” гэх гарчиг бүхий нийтлэл /хх-ийн 29 х/

-..................сайтын 2021.07.07-ны өдрийн “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б” гэх гарчигтай зураг /хх-ийн 30 х/

-..................сайтын Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай” гэх гарчигтай зураг /хх-ийн 31 х/

-..................фэйсбүүкийн 2021.06.21-ний “Манай төрийн албаны дарга нар Тайландын Пукет арал дээр аваад байгаа тансаг харшуудынхаа мөнгийг ийм замаар олдог болов уу.. гэх гарчиг, зураг бүхий нийтлэл /хх-ийн 32 х/

-..................сайтын 2021.09.10-ны өдрийн  “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б” гэх гарчигтай зураг /хх-ийн 33 х/

-..................сайтын 2021.09.22, 2021.09.29, 2021.10.07, 2021.11.08, 2021.11.22, 2022.02.15, 2022.04.13-ны өдрүүдийн “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б ” гэх гарчигтай зураг /хх-ийн 34-40 х/

-Нийслэлийн прокурорын газрын 2021.12.03-ны өдрийн 268 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 85-87 х/

-Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015.02.16-ны өдрийн 664 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 88-89 х/

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага /хх-ийн 109 х/

-Улсын тэмдэгтийн хураамжид 2022.12.18-нд 190,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 110 х/

-ИНЕГ-ын даргын 2013.01.11-ний өдрийн Б/02 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал /хх-ийн 113 х/

-ИНЕГ-ын даргын 2014.01.07-ны өдрийн Б/03 тоот “Ажилд эгүүлэн тогтоох тухай” тушаал /хх-ийн 114 х/

-ИНЕГ-ын даргын 2014.01.09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаал /хх-ийн 115 х/

-ИНЕГ-ын даргын 2016.09.05-ны өдрийн Б/138 тоот “Т.Быг ажилд авах тухай” тушаал /хх-ийн 116 х/

-ИНЕГ-ын даргын 2018.01.26-ны өдрийн 01/321 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 117-119 х/

-Нэр бүхий сайтуудад байршсан мэдээлэл /хх-ийн 120-131 х/

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага /хх-ийн 149 х/

-Твиттерт бичигдсэн комментууд /хх-ийн 153-156 х/

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага /2-р хх-ийн 101 х/

-Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2015.07.10-ны өдрийн 10/5-6/15 тоот хүсэлтийн хариу /2-р хх-ийн 104 х/

-ИНЕГ-ын даргын 2017 оны Хяналт шалгалтын ажлын тайлан /2-р хх-ийн 105-111/

-ИНЕГ-ын зардлаар гадаадын их, дээд сургуульд суралцагчдын хамаарал бүхий этгээдийн судалгаа /2-р хх-ийн 112-114 х/

-Сайтуудын үнийн санал /2-р хх-ийн 115-125 х/

-“Энхжил” Эмнэлгийн эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 126 х/

-“ICU” Эмнэлгийн эмнэлгийн магадлагаа /2-р хх-ийн 127-128 х/

-2023.06.05-ны өдрийн №110 тоот Зууны мэдээ сонины нийтлэл /2-р хх-ийн 146-149 х/

-2023.05.31-ний өдрийн №98 тоот Өглөөний сонины нийтлэл /2-р хх-ийн 150-151 х/

-Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эмнэлгийн хуудсууд /2-р хх-ийн 152-156 х/

-Т.Бын Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх-ийн 158-165 х/,

5.Хариуцагчаас 2023.01.05-ны өдөр өмгөөлөгчтэй байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай” 01/02 тоот гэрээ /хх-ийн 140х/,

 

6.Шүүхийн журмаар тус шүүхийн 2023.01.20-ны өдрийн 182/ШТ2023/00026 тоот тогтоолоор Нийслэлийн Прокурорын газар болон Иргэний нисэхийн ерөнхий газраас

-2013.09.05-ны өдрийн “Сэжигтнээр тооцох тогтоол” /хх-ийн 168 х/

-2013.09.05-ны өдрийн Сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 169 х/

-2013.10.02-ны өдрийн Сэжигтэнг дахин байцаасан тухай тэмдэглэл /хх-ийн 170-173 х/

-2015.02.05-ны өдрийн Сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 174-176 х/

-2017.02.17-ны өдрийн Гэрчийг анх байцаасан тэмдэглэл /хх-ийн 177-178 х/

-ИНЕГ-ын даргын 2012.10.22-ны өдрийн Б/325 тоот “Байгууллагын зардлаар суралцуулах тухай” тушаал /хх-ийн 180 х/

-Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах гэрээ /хх-ийн 181-183 х/

-Барьцааны гэрээ /хх-ийн 184 х/

-ИНЕГ-ын даргын 2015.09.10-ны өдрийн Б/543 тоот “Байгууллагын зардлаар суралцуулах тухай” тушаал /хх-ийн 185 х/

Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах сургалтын №114/15 тоот гэрээ /хх-ийн 186-188 х/

-2015.08.20-ныөдрийн 115/15 тоот “Барьцааны гэрээ” /хх-ийн 189-190 х/

-ИНЕГ-ын 2019.03.11-ний өдрийн ХУД-ийн УБХэлтэст хүргүүлсэн 01/708 тоот албан бичиг /хх-ийн 191 х/

-ИНЕГ-ын даргын 2007.08.15-ны өдрийн 567 тоот “Байгууллагын зардлаар суралцуулах тухай” тушаал, хавсралт /хх-ийн 192-193 х/

-2007.08.13-ны өдрийн Сургалтын төлбөрийн барьцааны гэрээ /хх-ийн 194 х/

-ИНЕГ-ын зардлаар гададад суралцагчтай байгуулах гурвалсан гэрээ /хх-ийн 195 х/

-ИНЕГ-ын 2013.06.12-ны өдрийн 01/1264 тоот Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн албан бичиг /хх-ийн 196-197 х/,

2023.02.03-ны өдрийн 182/ШТ2023/00045 тоот тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Нисэхийн сургалтын төвөөс 2021.03.11-ний өдрийн ИНЕГ-ын зардлаар суралцаж буй оюутнуудын судалгаа /хх-ийн 214-216 х/

-ИНЕГ-тай 2020 онд байгууллагын зардлаар суралцахаар гэрээ байгуулсан оюутнууд /хх-ийн 217-218 х/

-2021.03.11-ний өдрийн ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад суралцаж төгссөн суралцагчдын судалгаа /2020 он/ /хх-ийн 219-221 х/

-2005-2014 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцагчдын судалгааны тоъёог /хх-ийн 222 х/

-2005-2006 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн бүртгэл, судалгаа /хх-ийн 223 х/

-2006-2007 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн бүртгэл, судалгаа /хх-ийн 224-225 х/

-2007-2008 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн бүртгэл, судалгаа /хх-ийн 225-226 х/

-2006-2007 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд шинээр суралцагчдын бүртгэл, судалгаа /хх-ийн 227-228 х/

-2007-2008 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд шинээр суралцагчдын бүртгэл, судалгаа /хх-ийн 228-229 х/

-2008-2009 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд шинээр суралцагчдын бүртгэл, судалгаа /хх-ийн 230 х/

-ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцагчдын бүртгэл /хх-ийн 231-236 х/

-2008-2010 онд ИНЕГ-ын зардлаар суралцагчдын бүртгэл /хх-ийн 237-249 х/

-ИНЕГ-ын зардлаар суралцагчид гэрээ цуцлагдаж, зардлаас хасагдсан нэрс /хх-ийн 250 х/,

-2011-2015 онд ИНЕГ-ын захиалгаар гадаадын их, дээд сургуульд суралцагчдын бүртгэл /2-р хх-ийн 1-23 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.


ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б-ын хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Дд холбогдуулан 2022.07.20-ны өдөр нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрийг гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг гаргаж, 2022.12.08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2021.03.09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг тус тус хариуцагчид даалгуулахаар, мөн 2023.05.16-нд дээрх нийтлэлийн улмаас биеийн эрүүл мэнд эрс муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 2,220,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус ихэсгэсэн.

3.Хариуцагч Б.Д нь 2021.03.09-ний өдөр өөрийн өмчлөлийн ..................сайтын Төрийн дайсан гэх буландаа “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б-ын тухай” гэсэн гарчигтай  нийтлэл бичсэнээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Харин нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа үндэслэлээ дээрх нийтлэл нь бодит байдалд тулгуурласан, энгийн ардын хүүхдийн суралцах боломжийг хааж өөрийн төрсөн охидоо болон хамаарал бүхий этгээдүүдээ ИНЕГ-ын зардлаар гадаадад сургасан нь баримттай гэж маргасан.

4.Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ..................сайтыг хариуцагч Б.Д төлөөлөх эсэхийг тодруулахад хариуцагч нь 2021.03.09-ний өдөр өөрийн өмчлөлийн ..................сайтын Төрийн дайсан гэх буландаа “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б-ын тухай” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн талаар харилцан маргахгүй хэмээн тайлбарласан тул маргаагүй үйл баримтыг шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

5.Нэхэмжлэгч нь уг нийтлэл нь бүхэлдээ хувь хүний нууцад хамаарах ИНЕГ-ын Архивын баримт материалуудыг ашиглан миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг “Төрийн дайсан, Төрийн албан хаагч”, “С.Б- гээчийн тарьж ургуулсан балагт “Хар мод”-ны нэг мөчир Т.Б гэнэ”, “Сабо” нийгэмлэг, “Замдаан сэтгүүл” гэх тодорхойгүй байгууллага олж ирнэ.”,  “Т.Б нь ... дарга байхдаа гэмт хэрэгтэн С.Б- даргатайгаа хуйвалдан байгууллагын зардлаар 54 оюутныг өндөр төлбөртэй сургуульд суралцуулах ажлыг зохион байгуулжээ”, “Тухайн 54 оюутныг сонгон шалгаруулахдаа удирдлагуудын зүгээс хэт нөлөөлснийг аудитын байгууллага тогтоосон байдаг”, “Гэрээний барьцаанд байсан орон сууцыг чөлөөлүүлэх луйврыг Т.Б дотроос нь хийжээ”, “Т.Быг сэжигтнээр тогтоон шалгаж байсан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хуулиас хүчтэй байдгийн адилаар уг хэрэг тэгээд замхарсан”, “Т.Б өөрийн төрсөн хоёр охиноо гадаадад хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий боловсрол эзэмшүүлэхдээ мөн л бүх зардлуудыг нь ИНЕГ-аас гаргуулсан, том охиноо 50,000 фунд стерлингийн тэтгэлэгээр, удаах охиноо ИНЕГ-ыг дагздан хоёр удаа сургууль төгсгөж амжсан, нийт 100,000$ буюу 280,000 сая төгрөг гаргасан”, “Т.Б нь хоёр охин дээрээ хамаатан садангуудын хүүхдүүдээ нийлүүлээд 1,2 тэрбум төгрөгийн сургалтын зардлыг ИНЕГ-аас гаргуулж чаджээ”, “Т.Б эрх мэдэлтэн, намчин”, “С.Б-ийн хэрэг хонгилын дээд шүүх дээр очоод 14 сая төгрөгийн торгууль төлснөөр ялаас мултарсан тэр одоо тус байгууллагад тарьсан балагт хар мөчир болох Т.Баар дамжуулан ИНЕГ-ыг багалзуурдсан хэвээр байна”, “Т.Б албан тушаалаа амин хувьдаа урвуулан ашигласан” гэх хэсэг нь түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтуудад үндэслэн гаргажээ.

6.Хариуцагч Б.Д нь нь 2021.03.09-ний өдөр өөрийн өмчлөлийн ..................сайтын Төрийн дайсан гэх буландаа “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай” гэсэн гарчигтай  нийтлэл бичиж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2011.10.06-ны өдрийн Б/345 тоот “Байгууллагын зардлаар суралцуулах тухай” тушаал, түүний хавсралт болох “Элсэлтийн сонгон шалгаруулалтанд тэнцэж, ИНЕГ-ын зардлаар суралцагчдын нэрсийн жагсаалт”, Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар АНУ, Канад улсад суралцагчтай байгуулах 3 талт гэрээ”-нүүдийг “ИНЕГ-аас 45,000 $ буюу 129 сая төгрөг гаргуулан АНУ-д суралцуулахаар энэ гэрээг Т.Бтай хийсэн А.Б нь Т.Бын жолооч Д.Аийн хүү юм”, “Т.А нь Т.Б-ын эхнэр Н.О-ийн дүү болох Н.Т-ийн хүү юм 45,000 $ буюу 129,000,000 төгрөг”, “ИНЕГ-ын зардлаар АНУ-д суралцуулахаар Т.Бтай гэрээ хийсэн Б.А нь Т.Бын төрсөн эгч Т.О-ын хүү” гэх гарчигтайгаар хавсаргасан байна. 

7.Шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай” гэсэн гарчигтай 2021.03.29-ний өдрийн ..................Сайтад үзлэг хийсэн тухай нотариатаар батлуулсан нийтлэл /1 хх-ийн 111 х/ хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...өөрийн өмчлөлийн ..................сайтын Төрийн дайсан гэх буландаа “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн. Миний бичсэн нийтлэлүүд тодорхой эх сурвалжтай, эх сурвалж нь ИНЕГ-ын архивын баримтаар нотлогдоно...” гэх тайлбараар хэрэг авагдсан нийтлэлийг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихгүй гэж үзсэн болно.

8.Дээрх нийтлэлийн Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч, Балагт мөчирийн салаа №1 буюу сургалтын төлбөр, садан төрлийн ашиг, сонирхол гэх агуулгаар бичсэн нийтлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрийг гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухай

а/ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

б/ Хариуцагч Б.Д нь ..................сайтын Төрийн дайсан гэх буландаа “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Бын тухай” гэсэн гарчигтай нийтлэл бичихдээ өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй.

в/ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд,  ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг  нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

г/ Иргэний нэр төр нь тухайн хүний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаар бусдаас өгч буй эерэг үнэлгээ бөгөөд нэр төртэй байх явдал нь хүний төрсөн цагаас эхлэн зөвхөн өөрт байх салшгүй чанар бүхий заяамал эрх, харин бусдаас өгсөн энэ үнэлгээнд үндэслэн өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж нь алдар хүнд болдог.

д/ Тэгвэл өөрийн сонгосон зам, туулж ирсэн амьдрал, түүнийхээ явцад хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө бусдаас олж авсан үнэ цэнэ болох нэр төр, үүний үндсэн дээр өөртөө бий болгосон тэр үнэлэмж болох алдар хүндийг тэр хэвээр нь хадгалж үлдээх, үлдэх нь иргэн бүрт байх зүй ёсны, салгаж үл болох Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх бөгөөд иргэн энэхүү эрхээ аливаа халдлагаас хамгаалах, зөрчигдсөн гэж үзвэл сэргээлгэхээр шаардах эрхтэй байна.

е/ Нөгөө талаар иргэн бүр төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх байдлаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдлэхийн зэрэгцээ шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн /онцгой/ үүргийг хүлээнэ.

ё/ Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд хэвлэн нийтлэх эрх чөлөө нь дээрхийн адил хуулиар баталгаажсан байх бөгөөд бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх тухай иргэний хүлээх үүрэг түүнд хамаарахын зэрэгцээ өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө гуравдагч этгээдийн өмнөөс мөн давхар хариуцлага хүлээдэг онцлогтой.

ж/ Тэгэхээр аливаа мэдээ, мэдээлэл, ярилцлагыг нийтэлж, нэвтрүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь түүний агуулгын бодит үнэнд нийцсэн байдлыг шалгаж, нягталсны үндсэн дээр бусдын нэр төр, алдар хүндэд халдаагүй, эсхүл бодит байдалд нийцсэн тохиолдолд олон нийтэд түгээх ажиллагааг хийх нь хуульд нийцэх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол үүнээс үүдэх хариуцлагыг хүлээх нь хуулиар олгосон үүрэг нь болно.

з/ Энэ үүднээсээ хариуцагч Б.Д нь нийтлэлийнхээ бодит үнэнд нийцсэн байдлыг нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв бодит үнэнд нийцээгүй нийтлэл хэвлэсэн бол үүний улмаас нэр төр, алдар хүнд нь гутаагдсан иргэний шаардлагаар эдийн бус гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

9.Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Нэхэмжлэгч Т.Б нь ИНЕГазрыг төлөөлж, Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байх хугацаандаа А.Б-тэй АНУ-ын Калифорни мужийн СанФранциско хотын Аламедиа нисэхийн коллежид “Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч” мэргэжлээр 2 жил, англи хэлний бэлтгэлд 8 сар, нийт 45,000 ам.долларын зардалтайгаар, Т.А-тэй АНУ-ын Калифорни мужийн СанФранциско хотын Аламедиа нисэхийн коллежид “Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч” мэргэжлээр 2 жил, англи хэлний бэлтгэлд 8 сар, нийт 45,000 ам.долларын зардалтайгаар, Б.А-той Канад улсын Ontario мужийн Toronto хотын George Brown college “аэродром ашиглалт” мэргэжлээр баклаврын зэрэгтэйгээр 4 жил, англи хэлний бэлтгэлд 6 сарын хугацаатай нийт 134,774 ам.долларын зардалтайгаар суралцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

б/ Нэхэмжлэгчийн охин Б.Н нь ИНЕГ-ын даргын 2012.10.22-ны өдрийн Б/325 тоот “Байгууллагын зардлаар суралцуулах тухай” тушаалаар АНУ-ын Peralta Community College district-д “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний технологи” мэргэжлээр 2,5 жил, англи хэлний бэлтгэлд 6 сар суралцахаар 2012.10.23-ны өдрийн “Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадад суралцагчтай байгуулах гэрээ”-г, 2015.09.10-ны өдрийн А/543 тоот тушаалаар АНУ-ын Калифорни мужийн “University of California, Los Angeles” их сургуулиас ирүүлсэн сургалтын урилгыг үндэслэн 2,5 жилийн хугацаатайгаар байгууллагын зардлаар 58,000 ам.доллартай дүйцэхүйц санхүүжилтээр суралцахаар 2007.08.13-нд “Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах гурвалсан гэрээ”-г тус тус байгуулсан байх ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “...Б.Н-г АНУ-ын Калифорни мужийн “University of California, Los Angeles” их сургуульд суралцах хугацаанд сургалтын байр, эрүүл мэндийн даатгалын болон тээврийн зардлыг ... сар тутамд 200 ам.долларын тэтгэлэг олгохоор тусгагджээ.

в/ Б.Х Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар 2007-2008 оны хичээлийн жилд шинээр суралцагчдын бүртгэлийн 32 дугаарт бүртгэгдэж Англи улсын Rudloe коллежид нислэгийн удирдагчаар, 2012-2013 оны бүртгэлийн 8-ын 2 Австрали улсын Мельбурн хотын Свинбурнийн Технологийн их сургуульд Бизнесийн удирдлага /Австралийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт/ 1-р курст, 

Б.Н нь 2012-2013 оны бүртгэлийн 23-ын ОХУ-д суралцагчид /Оюутны тэтгэлэг, замын зардал хариуцах/ нэрсийн жагсаалтын 1-д Воронеж хотын их сургуульд олон улсын харилцааны 1-р курст, 2013-2014, 2014-2015 оны бүртгэлийн 9. АНУ-ын Сан-Франциско хотын Аламеди коллежид суралцагчдийн 9-т “Агаарын хөдөлгүүрийн ашиглалт” 1 дүгээр курст,

Хамаарал бүхий этгээд болох Т.А, А.Б-тэй нар АНУ-ын Калифорни мужийн СанФранциско хотын Аламедиа нисэхийн коллежид “Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын техникч”-ээр суралцах бүртгэлийн 4, 5-д, Б.А нь Канад улсын Ontario мужийн Toronto хотын George Brown college “аэродром ашиглалт”-аар суралцах бүртгэлийн 13-ын 3-т тус тус суралцахаар бүртгэгдэж байсан болох нь ИНЕГ-ын зардлаар суралцаж буй оюутнуудын судалгаагаар тогтоогдож байна. /1 хх-ийн 181-183, 185, 186-188 , 229, 2 хх-ийн 9, 12, 15 х х/   

г/ Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022.03.15-ны өдрийн 5/336 тоот иргэн Т.Бд хүргүүлсэн “Хариу мэдэгдэх хуудас”-т “...Таны тус дүүргийн прокурорын газарт гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хааж шийдвэрлэсэн эрүүгийн ................. дугаартай хэргийг хянав. Хэрэгт авагдсан үйл баримтуудаар 2021 оны 02 болон 03 дугаар саруудад ................. цахим хуудсанд болон ................. зэрэг мэдээллийн сайтуудаар дамжин “Улсын төсвөөс охидоо хагас тэрбум төгрөгөөр сургууль төгсгөсөн төрийн албан хаагч Т.Б” гэх мэдээллийг олон нийтэд тараасан байна. 

................. цахим хуудсанд дээрх нийтлэлд холбоотойгоор цугларсан баримтаар таны хамаарал бүхий хүмүүс сонгон шалгаруулалтанд тэнцэж, ИНЕГ-ын зардлаар суралцсан үйл баримт тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэргийн шинж нь бусдын нэр төр, алдар хүндийг гутаахад чиглэсэн ор үндэсгүй мэдээ, баримт сэлтийг ойлгохоор заасан. Энэ тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулиар гэмт хэргийн шинжийг тодорхойлсон “мэдээлэл илт худал” байх шалгуур үгүйсгэгдэж байх тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв...” гэх,

Монгол Улсын ерөнхий Прокурорын газрын 2022.05.31-ний өдрийн 1/1326 тоот гомдолд хариу өгөх тухай “Хариу мэдэгдэх хуудас”-т “Улсын ерөнхий прокурорын газарт хандаж гаргасан таны гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн ................. дугаартай, хааж шийдвэрлэсэн хэргийг татаж хянав.

 Хэргийг хянахад, ................. сайтыг эрхлэн ажиллуулж байсан гэх Б.Д 2021 оны 03 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, тус газрын зардлаар Америкийн Нэгдсэн Улс, Канад, Англи зэрэг орнуудад суралцсан оюутнуудын дунд таны төрсөн охид болон хамаарал бүхий хүмүүс байсан талаар нийтлэлдээ дурдсан мэдээлэл нь илт худал мэдээлэл болох нь тогтоогдоогүй, мэдээллийн сайтад эх сурвалжтай баримтуудыг ашигласан бөгөөд та мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ дээрх нийтлэлд дурдсан мэдээллийг үгүйсгээгүй байна...” гэх хариуг тус тус нэхэмжлэгчид хүргүүлж байжээ. /1 хх-ийн 6, 7 х/

10. Хариуцагчийн дээрх нийтлэлийг бичих үндэслэл болсон баримтууд болон эх сурвалж нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд тэрээр нийтлэлийнхээ эх сурвалжийг тодорхойлсон тул нийтэлсэн мэдээ, мэдээллийнхээ бодит үнэнд нийцсэн байдлыг хариуцагч баримтаар нотолсон гэж үзнэ.

Иймээс Т.Б-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрийг гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

11.2021.03.09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, нийтлэлийн улмаас биеийн эрүүл мэнд эрс муудаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээлэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг тус тус хариуцагчид даалгуулах шаардлагын тухай

а/ Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагын үндэслэлээ “...2021.03.09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, нийтлэлийн улмаас ихээр гүтгүүлж, сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон. Миний зүрх өвддөг болсон. Хэсэг хугацаанд хөдөлмөр эрхлэх чадвараа алдсан учраас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

б/ Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг бөгөөд мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирлыг арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээдэг.

в/ Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлага болон үндэслэлийн хүрээнд шүүх мөнгөөр тооцож тогтоож болдог. Гэвч нэр бүхий 25 мэдээллийн сайт нь дээрх нийтлэлийг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шейрлэж өөрсдийн сайтуудаар дамжуулан нийтэлсэнд хариуцагч Б.Д буруугүй, түүний үйлдэлд хамааралгүй байна. Мөн нэхэмжлэгч нь эдгээр нэр бүхий 25 мэдээллийн сайтыг хариуцагчаар татан оролцуулаагүй болно.

г/ Мөн нэхэмжлэгч нь 2021.02.16-наас 2021.02.17-ны өдрийг хүртэл, 2021.03.01-нээс 2021.03.31-ний өдрийг хүртэл ICU эмнэлэгт, 2021.03.29-нөөс 2021.04.12-ны өдрийг хүртэл Энхжил эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж 2,220,000 төгрөг /900,000 + 900,000 + 420,000/-ийн зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа хэдий ч шүүх нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй учраас хариуцагчаас гаргуулах боломжгүй.

д/ Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Бын хариуцагч Б.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

12.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Д.Насанжаргал “...Хариуцагч буруугүй байна...” гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.

13.Нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд тус тус зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,800 төгрөг /2022.07.20-нд 140,400, 2022.12.08-нд 190,950, 2023.05.16-нд 50,450 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т тус тус зааснаар хариуцагч Б.Дд холбогдох Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Олон нийтийн мэдээллийн сайтын нүүр хуудсанд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон янз байдлаар гарчиг тавин тараасаар байгаа учраас 11,000,000 төгрөг, энэхүү нийтлэлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал 2,220,000 төгрөг, нийт 13,220,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүжир нийтлэлүүдийг интернэтээс устгуулж, нэр төр сэргээсэн мэдээллийг мэдээдэл тараасан нэр бүхий 25 мэдээллийн сайтуудад бүтэн 2 жилийн турш байршуулахыг даалгах тухай Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,800 төгрөг /2022.07.20-нд 140,400, 2022.12.08-нд 190,950, 2023.05.16-нд 50,450 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ
Х. ДАШДЭЧМАА

ШҮҮГЧИД
Ж.БАЙГАЛМАА
Н.НАРАНГЭРЭЛ