Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дахь эрхийг хязгаарлах, эрхээс ухрах заалтын талаарх Сиракузын зарчмууд

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дахь эрхийг хязгаарлах, эрхээс ухрах заалтын талаарх Сиракузын зарчмууд

ТүгээхShare

Засгийн газруудаас ард түмний үндсэн эрх, эрх чөлөөг дарангуйлах, үгүйсгэх зорилгоор ашигладаг гол хэрэгслийн нэг нь хууль бусаар, мөн үндэслэлгүйгээр дайны байдал зарлах, эсвэл онц байдал зарлах явдал гэдгийг Олон улсын хуульчдын комиссын америк дахь холбоо (ОУХКАХ) эртнээс ажигласаар ирсэн. Эдгээр арга хэмжээг ихэнхдээ "үндэстний амьдралд аюул учирч нийтийг хамарсан онц байдал үүссэн" эсвэл "үндэсний аюулгүй байдалд аюул занал учирсан" гэсэн нэрийдлээр авдаг.

Холбогдох заалтыг урвуулан ашиглах нь засгийн газруудад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад агуулагдаж буй тодорхой эрхийг хязгаарлах, эрхээс ухрах, ач холбогдлыг нь бууруулах боломж олгох болсноор хууль ёсыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зөвшөөрч болох хязгаарлалт, ухрах нөхцөл, үндэслэлийг нарийвчлан судлах шаардлага бий болсон. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Пактад заасан эрхийн хязгаарлалтыг нэг мөр тайлбарлахын чухлыг байнга онцолж ирсэн.

Үүнтэй холбогдуулан ОУХКАХ 1984 оны хавар Италийн Сиракуза хотод олон улсын эрх зүйн нэр хүндтэй 31 шинжээчийн бүрэлдэхүүнтэй коллоквиумыг санаачлан зохион байгуулсан юм. Энэ төрөлдөө анх удаа зохиогдсон энэхүү уулзалтыг Олон улсын хуульчдын комисс, Урбан Морганы хүний ​​эрхийн хүрээлэн, Эрүүгийн шинжлэх ухааны дээд судалгааны олон улсын хүрээлэн хамтран ивээн тэтгэсэн билээ.

Оролцогчид дараах зүйлийг тодорхойлох зорилгоор Пактад агуулагдаж буй хязгаарлах, ухрах заалтуудыг судалж үзэв:

  • тэдгээрийн хууль ёсны зорилго;
  • тэдгээрийг хэрэгжүүлэх, хэрэглэхийг зохицуулах тайлбарын ерөнхий зарчим; болон
  • хязгаарлах, ухрах үндэслэлийн зарим үндсэн онцлог.

Пакт дахь эрхийн хамрах хүрээг бусад шалгуур, жишээлбэл дур мэдэн авирлах тухай ойлголт, тодорхойлдог гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэдгээрийг судлах цаг байсангүй. Эдгээр бусад хязгаарыг ирээдүйд судлах боломж гарна гэж найдаж байна.

Оролцогчид дараах зүйл дээр санал нэгдэв:

  •  хүний эрхийг хүндэтгэх болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь хоорондоо нягт уялдаатай - хүний эрхийг тогтмол зөрчих нь үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг алдагдуулж, олон улсын энх тайванд заналхийлж болзошгүй; мөн
  • хэдийгээр улс орнууд эдийн засгийн хөгжлийн янз бүрийн үе шатанд хүрсэн ч хүний эрхийг хэрэгжүүлэх нь өргөн утгаараа хөгжлийн зайлшгүй шаардлага юм.

Эдгээр зарчим нь “ёстой” гэхийн оронд “хэрэгтэй” гэсэн үгээр заасан зарим зөвлөмжийг эс тооцвол олон улсын эрх зүйн өнөөгийн байдлыг тусгаж байна гэж оролцогчид үзэж байна.

Энэхүү нийтлэлийн хэсэг болгон, оролцогчдын тохиролцоонд хүрсэн Сиракузын зарчмууд болон солбицсон эшлэл бүхий Пактын текстийг оруулсан болно.

ОУХКАХ нь дэлхий даяар хүний эрхийн болон хууль дээдлэх зарчмыг сахин хамгаалах, бэхжүүлэх зорилгоор 1967 оны 12-р сарын 27-нд байгуулагдсан. Энэ үүднээс Женевт төвтэй олон улсын төрийн бус байгууллага болох Олон улсын хуульчдын комисстой хамтран ажилладаг. Тус Холбоо нь Америкийн барын холбоо, муж улсын болон орон нутгийн барын холбоодтой нягт хамтран ажилладаг. Мөн хүний эрхийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бэлтгэх, хангах зорилгоор хууль зүйн эрдэмтэд, АНУ-ын Конгресс, Сенатын гишүүд, Төрийн департамент болон холбогдох салбарын бусад байгууллага, хувь хүмүүстэй нягт холбоотой байдаг.

Америк дахь холбоо нь бүх үндэстнийг иргэдийнхээ үндсэн эрхийг хамгаалах үр нөлөөтэй арга хэмжээ авахыг уриалж байна. Холбоо болон Олон улсын комисс аль аль нь аль ч үндэстэнд эдгээр эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шилжилтэд нь дэмжлэг үзүүлэн зөвлөгөө өгдөг билээ.

Уильям Ж.Батлер, Ерөнхийлөгч

Дараах линкээр орж "Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт дахь эрхийг хязгаарлах, эрхээс ухрах заалтын талаарх Сиракузын зарчмууд"-ын орчуулгыг бүрэн эхээр уншина уу.

https://cdn.greensoft.mn/uploads/users/5970/files/