Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын (цаашид Пакт гэж нэрлэнэ) зорилгыг цаашид биелүүлэх, түүний заалтыг хэрэгжүүлэх үүднээс Пактад туссан аль нэг эрх нь зөрчигдөж хохирсон хэмээн мэдүүлэх хувь хүний мэдээллийг энэхүү Протоколд заасны дагуу хүлээн авч, хянан хэлэлцэх эрхийг Пактын IV хэсгийн үндсэн дээр байгуулагдсан Хүний эрхийн хороонд (цаашид Хороо гэж нэрлэнэ) олгох нь зүй зохистойг анхааралдаа авч, дор дурдсан зүйлийг тохиролцов
1 дүгээр зүйл
Пактад оролцогч бөгөөд энэхүү Протоколд оролцогч болж байгаа улс нь Пактад тусгасан аль нэг эрхийг нь тухайн оролцогч улс зөрчсөний улмаас хохирсон хэмээн мэдүүлж буй харьяат этгээдийнх нь мэдээллийг хүлээн авч, хянан хэлэлцэх Хорооны эрх мэдлийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү Протоколд нэгдэн ороогүй Пактад оролцогч улсын холбогдол бүхий нэг ч мэдээллийг Хороо хүлээж авахгүй.
2 дугаар зүйл
1 дүгээр зүйлийн заалтыг сахих үндсэн дээр Пактад заасан аль нэг эрх нь зөрчигдсөн хэмээн мэдүүлж байгаа бөгөөд дотоодын эрх зүйн хамгаалалтын бүхий л арга хэрэгслийг барагдуулсан этгээд бичгээр гаргасан мэдээллээ Хороонд хэлэлцүүлэхээр илгээж болно.
3 дугаар зүйл
Энэхүү Протоколын дагуу ирүүлсэн нэргүй, эсхүл Хорооны үзэж байгаагаар тийнхүү мэдээлэх эрхээ урвуулан ашигласан буюу Пактын заалттай нийцээгүй аливаа мэдээллийг Хороо хүлээн авах боломжгүй гэж үзэж болно.
4 дүгээр зүйл
1. 3 дугаар зүйлийн заалтыг сахих үндсэн дээр Хороо энэхүү Протоколын дагуу ирүүлсэн аливаа мэдээллийг Пактын аль нэг заалтыг зөрчсөн гэгдэж буй оролцогч улсын сонорт хүргэнэ.
2. Мэдээлэл хүлээн авсан улс тухайн асуудлын талаар, түүнчлэн уг улсаас авсан байж болох аливаа арга хэмжээ байгаа бол тэдгээрийн талаар тодруулсан тайлбар буюу мэдэгдэл бичгээр гаргаж зургаан сарын дотор Хороонд ирүүлнэ.
Бүрэн эхээр дараах линкээс үзнэ үү.