Сиракузагийн зарчмууд [ Орчуулга ]

Сиракузагийн зарчмууд [ Орчуулга ]

ТүгээхShare

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, гэрээний үүргээс ухрахад баримтлах НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн E/CN.4/1985/4 дугаар тогтоолоор батлагдсан “Сиракузагийн зарчмууд” дараах ойлголтыг тодорхойлсон. 

  • “нийтийн хэв журам” гэж нийгмийн үйл ажиллагааны дүрэм журмын нийлбэр буюу нийгмийг үндэслэсэн үндсэн зарчмуудын багц гэж тодорхойлж болно. Хүний эрхийг хүндэтгэх нь нийтийн хэв журмын нэг хэсэг юм. Ийм учраас хүний эрхийг хязгаарлах үндэслэл, зорилгын хүрээнд нийгмийн хэв журмыг тайлбарлана. Нийтийн хэв журмыг сахиулах үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтан эрх мэдлээ хэрэгжүүлэхэд нь парламент, шүүх, бусад эрх бүхий бие даасан байгууллагаар дамжуулан хяналт тавина. 
  • “нийтийн эрүүл мэнд”-ийг хүн ам, хувь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлсэн тохиолдолд төрөөс арга хэмжээ авах боломжийг олгохын тулд тодорхой эрхийг хязгаарлах үндэслэл болгон ашиглаж болно. Эдгээр арга хэмжээ нь өвчин, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, өвчтэй, бэртсэн хүмүүст тусламж үзүүлэхэд тусгайлан чиглэсэн байх ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон олон улсын эрүүл мэндийн зохицуулалтыг зохих ёсоор анхаарч үзэх хэрэгтэй.
  • “нийтийн ёс суртахуун” нь цаг хугацааны явцад, нэг соёлоос нөгөөд харилцан адилгүй байдаг тул нийтийн ёс суртахууныг хүний эрхийг хязгаарлах үндэслэл болгон ашиглах улс тухайн хязгаарлалт нь нийгмийн суурь үнэт зүйлсийг хүндэтгэн сахихад зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулах ёстой. Энэ нь ялгаварлан гадуурхахгүй байх дүрмийг аль ч тохиолдолд зөрчих ёсгүй.
  • “үндэсний аюулгүй байдал”-ыг хангахын тулд тодорхой эрхийг хязгаарлах арга хэмжээ нь зөвхөн тухайн үндэстний оршин тогтнох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолыг хүч хэрэглэх, хүч хэрэглэх аюулаас хамгаалах үед үндэслэлтэй болно. Хууль, хэв журамд заналхийлж буй орон нутгийн хэмжээний, бусад аюулын үед үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлыг хангах үндэслэлийг тодорхой бус эсвэл дур зоргоороо хязгаарлалт тавих шалтаг болгон ашиглах ёсгүй бөгөөд зөвхөн зохих хамгаалалт, хүчирхийллийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ байгаа тохиолдолд л ашиглаж болно. Хүний эрхийг системтэйгээр зөрчих нь жинхэнэ үндэсний аюулгүй байдлыг алдагдуулж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй юм. Ийм зөрчлийн эсрэг авах хариу арга хэмжээ нь хүний эрхийг зөрчих үндэслэл болохгүй.

“Сиракузагийн зарчмууд”-ын 10 дугаар зүйлд зааснаар хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь гурван үндсэн шалгуурыг хангах ёстой. Үүнд: 1/ Хүний эрхийг хязгаарлах нөхцөлийг хуулиар тогтоосон байх; 2/ Хүний эрхийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байх; 3/ Хүний эрхийг хязгаарласан байдал, хэр хэмжээ нь тавьсан зорилгодоо тохирсон байх.


1ИБУТЭТОУП-аар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, гэрээний үүргээс ухрахад баримтлах Сиракузагийн зарчмууд. 1984 он. E/CN.4/1985/4 https://www.refworld.org/docid/4672bc122.html