Хүний эрхийн хороо
102-р чуулган
Женев хот. 2011 оны 7-р сарын 11-29
Ерөнхий тэмдэглэгээ
1. Энэхүү Ерөнхий тайлбар нь 10 тоот Ерөнхий тайлбар (19 дүгээр чуулган)-ыг орлоно
2. Хүний өв тэгш хөгжлийн зайлшгүй нөхцөл нь үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Эдгээр нь аль ч нийгмийн язгуур мөн чанар юм. Эдгээр нь аливаа чөлөөт, ардчилсан нийгмийн тулгын чулуу мөн. Үзэл бодлоо солилцох, хөгжүүлэх арга хэрэгслийг хангаж өгдөг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хамт энэ хоёр эрх чөлөө өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй юм.
3. Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихийн үндэс болсон ил тод байдал, хариуцан тайлагнах зарчмыг хэрэгжүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь зайлшгүй чухал нөхцөл болно.
4. Үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг 18, 17, 25, 27-р зүйл агуулсан байдаг. Үзэл бодлын эрх чөлөө, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө нь хүний өргөн цар хүрээ бүхий бусад эрхийг бүрэн эдлэхэд суурь нь болдог. Жишээлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эвлэлдэн нэгдэх, нийлэн цугларах, мөн сонгох эрхээ эдлэхтэй салшгүй холбоотой.
5. 19-р зүйлийн 1 дэх хэсгийн онцгой нэр томъёо, түүнчлэн үзэл бодол ба санаа бодол (18-р зүйл)-ын уялдаа холбоог анхааралдаа авч үзэн, 1-р зүйлийн тайлбар нь Пактын бүрэлдэхүүн, зорилготой үл нийцсэн санагдаж болох юм. Түүнчлэн, үзэл бодлын эрх чөлөө нь дурдсан эрхийн жагсаалтад байхгүй ч гэсэн Пактын 4-р зүйлийн заалтыг дагаж мөрдөхөд харшлах ёсгүй. Өөрөөр хэлбэл, “Пактын 4-р зүйлийн 2 дахь хэсэгт дурдаагүй зүйл заалтуудад ч 4-р зүйлээр далимдуулан Хорооны үзэл бодлыг хууль бусаар үгүйсгэж үл болох бүрэлдэхүүн хэсгүүд байдаг. Үзэл санааны эрх чөлөө нь онц байдлын үед ч хэзээд үл үгүйсгэж болох тийм нэг бүрэлдэхүүн хэсэг мөн.
6. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, бусад эрхийн уялдаа холбоог анхааралдаа авч үзэхэд, 19-р зүйлийн 2 дахь хэсгийн тодорхой бүрэлдэхүүн хэсгүүдийн тайлбарыг хүлээн зөвшөөрч болно. 2 дахь хэсэгт заасан эрхийн ерөнхий тайлбар Пактын бүрэлдэхүүн ба зорилготой нийцээгүй болно
7. Үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх нь бүхэлдээ Гишүүн улс бүрт ногдох үүрэг мөн. Улсын бүхий л салбар (гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх), бусад нийтийн болон засгийн газрын эрх бүхий байгууллагууд, үндэсний, бүсийн, орон нутгийн аль ч түвшиндээ Гишүүн улсын хариуцлагыг үүрэх ёстой. Ийм хариуцлага зарим нөхцөл байдалд төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйлдэлд ч мөн хамаарч болно. Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн үйлдэл нь үзэл бодлын эрх чөлөө, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхэд нь хохирол учруулж болзошгүй тул хүнээ хамгаалахыг Гишүүн улсуудаас шаардаж үүрэг ногдуулна. Иймд Пактын энэ эрхүүдийг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд ч хамааруулан хэрэглэнэ.
8. Пактын 19-р зүйлд тусгагдсан эрхүүдийг баталгаажуулахын тулд дотоодын хууль тогтоомж нь Пактаар Гишүүн орнуудад ногдуулсан эрх зүйн ерөнхий үүргийн дагуу Хорооны 31 тоот Ерөнхий тайлбарын журамтай нийцэхүйц үр дүнтэй байхыг Гишүүн улсуудаас шаардана. 40-р зүйлийг үндэслэн илгээсэн тайлан илтгэлүүддээ 19-р зүйлээр хамгаалагдсан эрхүүдтэй холбоотой дотоодын хууль, журам, захиргааны туршлага, шүүхийн шийдвэр, мөн бодлогын зохих түвшин болон бусад салбарын туршлагын тухай мэдээллээр Хороог хангахыг уриалж байна. Ингэхдээ энэхүү Ерөнхий тайлбарт авч үзсэн асуудлуудыг анхаарч үзэх ёстой. Түүнчлэн эдгээр эрх зөрчигдсөн бол сэргээгдсэн тухай мэдээллийг оруулах нь зүйтэй.
Үзэл бодлын эрх
9 .19-р зүйлийн 1 дэх хэсэг нь хөндлөнгийн оролцоогүйгээр үзэл бодлоо баримтлах эрхийг хамгаалахыг шаардана. Энэ нь хязгаарлалтгүй, саадгүйгээр Засгийн газрын хүлээн зөвшөөрөх ёстой эрх мөн. Үзэл бодлын эрх чөлөө нь хүний хаана ч, ямар ч шалтгаанаар чөлөөтэй сонголтоор үзэл бодлоо өөрчлөх эрхэд ч хамаатай болно. Өөрийн угийн, ухамсарласан, эсвэл таамагласан үзэл бодлын улмаас ямар ч хүн Пактаар хамгаалагдсан аливаа эрхээ эдлэхдээ хохирох ёсгүй. Улс төр, шинжлэх ухаан, түүх, зан суртахуун, шашны мөн чанараас улбаалсан үзэл бодлыг хамруулан үзэл бодлын бүхий л эрх чөлөөг хамгаална. Үзэл бодолтой байхыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх нь 1 дэх хэсэгтэй харшилна. Үзэл бодлын шалтгаанаар баривчлах, саатуулах, шүүх, шоронд хорихыг хамруулан дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх, нэр хоч өгөх нь 19-р зүйлийн 1 дэх хэсгийн зөрчил мөн.
10. Үзэл бодолтой байх, үзэл бодолгүй байхыг албадах аливаа хэлбэрийн оролдлого хийхийг хориглоно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь үзэл бодлоо илэрхийлэхгүй байх эрх чөлөөг зайлшгүй агуулж байдаг.
Илэрхийлэх эрх чөлөө
11. 2 дахь хэсэг нь мэдээлэл хайх, хүлээн авах ба үзэл санааны бүхий л хэлбэрийг хамруулан хил хязгааргүйгээр хуваалцах эрхийг хамруулан, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулахыг Гишүүн улсуудаас шаардана. Үүнд улс төрийн мэтгэлцээн, хүний хувийн болон төрийн үйл хэргийн асуудлаарх тайлбар, ухуулга, хүний эрхийн талаарх хэлэлцүүлэг, сэтгүүл зүй, соёл, уран сайхны илэрхийлэл, номлол, шашны мэтгэлцээн багтана. Үүнд арилжааны зар сурталчилгааг хамруулж болно. 19-р зүйлийн 3 дахь хэсэг, 20-р зүйлээр хязгаарлаж болох хэдий ч гүн гүнзгий гомдоосон гэж үзэхүйц илэрхийллийг ч 2 дахь зүйлийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг.
12. 2 дахь зүйл нь илэрхийллийн бүхий л хэлбэр, түүнийг дэлгэрүүлэх арга хэрэгслийг хамгаална. Эдгээрт яриа, бичиг, дохионы хэл, дүрс, урлагийн бүтээл гэх мэт аман бус хэлбэр багтана. Ном, сонин, товхимол, зурагт хуудас, баннер, хувцас болон хуулийн дагуу гомдол гаргах нь илэрхийллийн арга хэрэгсэлд орно. Эдгээрт дуу, дүрс, электрон, интернэтэд суурилсан илэрхийлэл багтана.
Үзэл бодлоо илэрхийлэх ба хэвлэл мэдээллийн эрх чөлөө
13. Чөлөөт, цензургүй, саадгүй хэвлэл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл нь үзэл бодлын эрх чөлөө, түүнийг илэрхийлэх эрх чөлөөг хангах, мөн Пактаар хамгаалагдсан бусад эрх чөлөөг эдлэхэд нийгмийн салшгүй хэсэг болдог. Энэ нь ардчилсан нийгмийн тулгуур чулууны нэг мөн. Үйл ажиллагаагаа явуулах үндэс нь болох мэдээллийг боломжтой газраас хүлээн авах эрхийг Пакт хүлээн зөвшөөрдөг. Төрийн хэрэг, мөн улс төрийн асуудлын талаар иргэд, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгчид мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй харилцан солилцох нь зайлшгүй. Энэ нь төрийн асуудлуудад цензур, хориг саадгүйгээр тайлбар хийх, олон нийтийн үзэл бодлыг мэдээлэх чадвартай чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл байна гэж ойлгоно. Олон нийт, түүнчлэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авахад зохицсон эрхтэй болно.
14. Угсаатны болон хэлний цөөнхийг хамруулан хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн мэдээлэл, үзэл санааг өргөн хүрээнд хүлээн авах эрхийг хамгаалах арга хэрэгсэл гэж үзэн, Гишүүн улс хараат бус, олон талт хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарвал зохино.
15. Интернэт, гар утас зэрэг мэдээлэл түгээх электрон системд тулгуурласан мэдээлэл, мэдээлэл харилцааны хөгжил нь дэлхийн хэмжээнд мэдээлэл харилцааны практикт үлэмж өөрчлөлт хийснийг Гишүүн улсууд анхаарч үзвэл зохино. Өнөө үед хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгсэлд найдах шаардлагагүйгээр үзэл санаа, үзэл бодлоо солилцох дэлхийн хэмжээний сүлжээ бий болжээ. Иймд Гишүүн улсууд нь шинэ хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, хүмүүст хүртээмжтэй болгох талаар шаардлагатай бүхий л алхмыг хийвэл зохино.
16. Гишүүн улсууд нь олон нийтийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хараат бус байдлыг хангавал зохино. Үүнтэй холбогдуулан Гишүүн орон түүний хараат бус байдал, редакцийн эрх чөлөөг баталгаажуулах ёстой. Хараат бус байдлыг нь алдагдуулахгүй байхуйц хэмжээний санхүүжилтийг олговол зохино.
17. Хэвлэл мэдээллийн асуудал энэхүү Ерөнхий тайлбарын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах талаарх дараагийн хэсэгт мөн хөндөгдөх болно.
Мэдээлэл олж авах эрх
18. 19-р зүйлийн 2 дахь хэсэг нь төрийн байгууллагын эзэмшиж буй мэдээллийг олж авах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэ мэдээлэлд, хадгалагдаж буй хэлбэрээс үл хамааран төрийн байгууллагын бичиг баримт, эх сурвалж, үйлдвэрлэсэн цаг хугацаа хамрагдана. Энэхүү ерөнхий тайлбарын 7 дахь хэсэгт төрийн байгууллагыг тодорхойлон заасан болно. Ийм байгууллагын чиг үүрэгт олон нийтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийг хамруулж болно. Өмнө цохон тэмдэглэсэнчлэн, Пактын 25-р зүйлийн хамт мэдээлэл олж авах эрхэд хэвлэл мэдээллийн, төрийн үйл хэрэгтэй хамаатай асуудлын тухай мэдээллийг хаанаас ч олж авах, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авах эрх үүнд багтана. Мэдээлэл олж авах эрхийн бүрэлдэхүүн хэсгүүд Пактын зарим хэсэгт мөн дурдагдсан болно. Пактын 17-р зүйлтэй холбоотойгоор гаргасан 16 тоот Ерөнхий тайлбарын дагуу Хорооны ажигласнаар хувь хүн бүр хувийнх нь мэдээллийн хавтаст хэрэг хаана, ямар байдлаар хадгалагдаж буй, ямар зорилготой болох тухай мэдээлэл авах тохиромжтой хэлбэрээ тогтоох эрхтэй. Тэгвэл хүн өөрийнх нь хувийн хавтаст хэрэгт төрийн ямар эрх мэдэлтэн, хувь этгээд, эсвэл хувийн байгууллага хяналт тавьж болох тухай мэдээлэл авах эрхтэй. Хэрэв тийм хавтаст хэрэг дэх мэдээлэл буруу, эсхүл хуулийн зүйл заалтыг зөрчиж цуглуулсан буюу боловсруулсан бол хүн бүр түүнийг засварлах эрхтэй. Пактын 10-р зүйлийн дагуу хоригдол өөрийн эрүүл мэндийн тухай бичиг баримтыг олж үзэх эрхээ алдах ёсгүй. Пактын 14-р зүйлийн 32 тоот Ерөнхий тайлбарт гэмт хэргийн шийтгэлд холбогдсон хүмүүсийн мэдээлэлтэй байх янз бүрийн эрхийг заасан болно. 2-р зүйлд зааснаар хүмүүс ерөнхийдөө Пактад тусгасан эрхүүдийн талаар мэдээлэл хүлээн авах ёстой. Пактын 27-р зүйлд заасны дагуу Гишүүн улсууд цөөнхийн бүлгүүдийн амьдрал, соёлтой үлэмж холбоотой шийдвэрийг эрх ашиг нь хөндөгдөх тухайн бүлэгтэй зөвлөлдөж, мэдээлэл солилцож гаргавал зохино.
19. Мэдээлэл олж авах эрхийг үр дүнтэй болгохын тулд олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн Засгийн газрын мэдээллийг Гишүүн улс олон нийтэд эзэмшүүлэхийг идэвхийлэх нь зүйтэй. Ийм мэдээллийг хялбар, шуурхай, үр дүнтэй, практик аргаар олж авах боломжийг хангахын тулд Гишүүн улсууд бүхий л хүчин чармайлтаа зориулбал зохино. Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, мөн мэдээлэл олж авах шаардлагатай журмыг Гишүүн улс баталбал зохино. Журам нь Пактад нийцсэн тодорхой дүрмийн дагуу мэдээлэл авах хүсэлтийг цаг хугацаанд нь шийдвэрлэх ёстой. Төлбөрийг тухайн мэдээллийг олж авахад үндэслэлгүйгээр саад учруулахгүй байхаар тогтоох нь зүйтэй. Мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдол бүрээ эрх мэдэлтнүүд тайлбарлавал зохино. Мэдээлэл олж авахад татгалзсан, түүнчлэн хариу өгөөгүй нөхцөлд даван заалдах тухай тохиролцоог бүрдүүлсэн байх ёстой.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба улс төрийн эрх
20. Хороо нь төрийн хэрэгт оролцох, сонгох эрхтэй холбоотой 25 тоот Ерөнхий тайлбартаа төрийн хэрэг гүйцэтгэх, сонгох эрхээ үр дүнтэй эдлэхийн тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдлыг тусгасан болно. Төрийн хэрэг, мөн улс төрийн асуудлын талаар иргэд, нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгчид мэдээлэл, үзэл санаагаа чөлөөтэй харилцан солилцох нь зайлшгүй. Энэ нь төрийн асуудлуудад цензур, хориг саадгүйгээр тайлбар хийх, олон нийтийн үзэл бодлыг мэдээлэх чадвартай чөлөөт хэвлэл, хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлтэй байна гэж ойлгоно. Олон нийт, түүнчлэн хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнийг хүлээн авахад зохицсон эрхтэй байна. Энэ утгаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах талаар 25 тоот Ерөнхий тайлбар удирдамж болох тул Гишүүн улсууд анхааралдаа авах нь зүйтэй.
19-р зүйлийн 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх
21. 3 дахь хэсэгт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэхдээ тусгай үүрэг, хариуцлага үүрэх тухай тунхагласан байдаг. Ийм учраас бусдын эрх, эсвэл нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, эсвэл нийгмийн дэг журам, эсвэл нийгмийн эрүүл мэнд ба зан суртахууныг хамгаалахтай холбоотой байж болох шалтгаанаар хязгаарлалтыг хязгаарлагдмал хоёр хүрээнд зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч Гишүүн улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавихдаа уг эрхэд өөрт нь аюул учруулж үл болно. Эрх ба хязгаарлалт, хэмжээ ба хэтрүүлэхийн хоорондын уялдаа холбооны аль алиныг илүү хүндэтгэн үзэх ёсгүйг Хороо сануулж байна.
“Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй” гэсэн Пактын 5-р зүйлийн 1 дэх хэсгийг Гишүүн улсуудад сануулж байна.
22. 3 дахь хэсэгт онцгой нөхцөлүүдийг зааж өгсөн бөгөөд энэ нь хязгаарлалт ногдуулж болох тэдгээр нөхцөлүүдэд зөвхөн хамааралтай байж болно. Хязгаарлалтыг “хуулиар хийх” ёстой; эдгээр нь гагцхүү А дэд хэсэг, 3-р зүйлийн Б хэсэг дэх үндэслэлээр байж болно, ийн зайлшгүй шаардлага болон хэмжээг зохицуулсан хатуу шалгуурт нийцэх ёстой. Пактаар хамгаалагдсан бусад эрхтэй холбоотойгоор хязгаарлалт тавих үндэслэлтэй хэдий ч 3 дахь хэсэгт онцгойлон дурдаагүй үндэслэлээр хязгаарлалт хийхийг үл зөвшөөрнө. Хязгаарлалт нь гагцхүү дурдагдсан зорилготой нийцсэн байх ёстой бөгөөд учир зүйн хувьд онцгой шаардлагатай нь шууд уялдсан байх ёстой.
23. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэгсдийг дуугүй болгох зорилго бүхий аливаа дайралтаас хамгаалахын тулд авч хэрэгжүүлэх үр дүн бүхий арга хэмжээг Гишүүн улсууд бий болговол зохино. 3 дахь хэсгийг хэзээ ч олон намын тогтолцоо бүхий ардчилал, ардчилсан зарчмууд, хүний эрхийг дэмжих нөлөөллийн аливаа үйл ажиллагааг хүчлэн зогсоох үндэслэл болгон ашиглах ёсгүй. Үзэл бодлын эрх чөлөө, түүнийг илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө ямар ч нөхцөл байдалд дайралтад өртөх, дур мэдэн баривчлах, тарчлаан зовоох, амьдрал, амь насанд халдахаар заналхийлэх гэх мэтийн дайралт хийхээс хүн урьдчилан хамгаалагдах нь 19-р зүйлд нийцэх болно. Үйл ажиллагаагаа эрхлэх явцдаа сэтгүүлчид ийм дайралт, айлган сүрдүүлэлт, заналхийлэлд байнга өртдөг. Түүнчлэн хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулан, задлан шинжилгээ хийдэг, хүний эрхийн холбоотой тайлан хэвлүүлэн гаргадаг хүмүүс ч, шүүгч, хуульчид ч ийм байдалд ордог. Иймэрхүү бүхий л дайралтыг цаг хугацаанд нь шуурхай мөрдөн шалгаж, гэм буруутай этгээдэд шийтгэл оногдуулж, хохирогч, хэрвээ амь нас нь эрсдсэн бол түүнийг төлөөлж буй хүний эрхийг зохих хэлбэрээр сэргээвэл зохино.
24. Хязгаарлалтыг хуулиар тогтооно. Хууль нь Парламентын эрх мэдлийн болон шүүхийг үл хүндэтгэх тухай хууль байж болзошгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний аливаа хязгаарлалт нь хүний эрхийг ноцтой бууруулж буй, мөн уламжлал, шашин, бусад энгийн хууль тогтоомжид тусгагдсан хамгаалалтын хязгаарлалт болох тул Пакттай үл нийцнэ.
25. 3 дахь хэсгийн зорилгын дагуу “хууль” гэж тодорхойлогдох хэм хэмжээ нь хувь хүний, зохих ёсоор биеэ авч явах байдлаа өөрөө зохицуулах боломжийг хангалттай нарийвчилсан байхаар томъёологдсон байх ёстой бөгөөд энэ нь олон нийтэд хүртээмжтэй байх ёстой. Аливаа хууль нь түүнийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага бүхий хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтаас үүдэн хайнга, хөшүүн хойрго хандах боломж олгохгүй байвал зохино. Хууль тогтоомж нь түүнийг хэрэгжүүлэгчдэд ямар төрлийн илэрхийллийг зөв хязгаарласан, ямар төрлийг үгүй болох тухай хангалттай удирдамж хүлээн авах боломжийг хангах ёстой.
26. 19-р зүйлийн 2 дахь хэсгийн заасан эрхүүдийг хязгаарлах хуулиуд, мөн 24-р зүйлд дурдсан хуулиуд гагцхүү Пактын 19-р зүйлийн 3 дахь хэсэг дэх хатуу шаардлагатай нийцэх төдийгүй түүнчлэн Пактын зүйл заалт, зорилго, зорилтуудтай нийцсэн байх ёстой. Хуулиуд Пактын үл ялгаварлах тухай заалтыг зөрчих ёсгүй. Биеийн хүчний шийтгэл гэх мэт Пактад үл нийцэх шийтгэлийг хуулиар ногдуулах ёсгүй.
27. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан аливаа хязгаарлалтыг хуулийн үндсэн дээр хийсэн гэдгээ Гишүүн улсууд харуулах хэрэгтэй. Аль нэг тусгай Гишүүн улсын хувьд онцгой хязгаарлалтыг хуулиар тавьсан тухай асуудлыг Хороо авч үзэх бөгөөд тухайн Гишүүн улс хуулийн нарийвчилсан зүйл заалт ба үйлдлүүд нь тухайн хуулийн хүрээнд тохирсон тухай мэдээллээр хангавал зохино.
28. 3 дахь хэсэгт жагсаасан хязгаарлалт нь бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх эхний хууль ёсны үндэслэл болно. “Эрх” гэсэн нэр томъёонд Пактаар болон ерөнхийдөө олон улсын хүний эрхийн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний эрхүүд багтана. Жишээлбэл: 25-р зүйлийн дагуу сонгох эрх чөлөө, түүнчлэн 17-р зүйл (37 дахь хэсгийг харна уу)-д заасан эрхүүдийг хамгаалахын тулд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах нь хууль ёсны байж болно. Хязгаарлалтыг маш болгоомжтой тавих ёстой. Заналхийлэх, эсвэл албадах шинжтэй илэрхийллийн хэлбэрээс сонгогчдыг хамгаалахыг зөвшөөрөхийн зэрэгцээ ийм хязгаарлалт нь, жишээ нь албадлагын бус санал хураалтыг эсэргүүцэх, уриалахыг хамруулан улс төрийн мэтгэлцээнд саад учруулах ёсгүй. “Бусад” гэсэн нэр томъёо нь хувь хүнд, эсвэл хүй олны гишүүд хамрагдана. Тухайлбал, энэ нь шашин шүтлэг, угсаатны байдлаар тодорхойлогдох хүй олны хувь гишүүдийг хамарч болно.
29. Үндэсний аюулгүй байдлыг, эсвэл нийгмийн дэг журмыг, эсвэл нийтийн эрүүл мэнд, эсвэл зан суртахууныг хамгаалах нь хоёр дахь хууль ёсны үндэслэл болно.
30. Гишүүн улсууд нь эх орноосоо урвах тухай хууль, мөн албаны нууц гэж тусгасан үндэсний аюулгүй байдалтай холбоотой ижил төрлийн зүйл заалт, эсвэл төрийн эсрэг өдөөн турхирах тухай бусад хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ туйлын хянамгай хандаж, 3 дахь хэсгийн хатуу хязгаарлалттай нийцүүлэх ёстой. Жишээ нь, ийм хууль тогтоомжийг олон нийтийн хууль ёсны ашиг сонирхол бүхий нийтэд зориулсан, үндэсний аюулгүй байдалд харш бус мэдээллийг нуун дарагдуулах, сэтгүүлч, судлаач, байгаль орчны идэвхтэн, хүнийг эрхийг хамгаалагч, эсвэл бусад хүмүүст ийм мэдээлэл түгээсний төлөө шийтгэл хүлээлгэх нь мөн 3 хэсэгт үл нийцнэ. Түүнчлэн арилжааны салбар, банк, шинжлэх ухааны хөгжил дэвшилтэй холбоотойгоор авч үзвэл ийм хууль, мэдээллийн ийм ангиллыг багтаах нь ерөнхийдөө зохимжгүй. Хороо нь үндэсний хэмжээнд ажил хаялт зарлах, хөдөлмөрийн маргааныг дэмжсэн өргөдөл гаргахыг хязгаарласан нэг тохиолдлыг илрүүлсэн юм. Үүнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэслэл гэж зөвшөөрч үл болно.
31. Нийгмийн дэг журмыг сахиулах үндсэн дээр, жишээ нь, тодорхой нэг олон нийтийн газар үг хэлэхийг зохицуулах нь тодорхой нөхцөл байдалд зөвшөөрөгдөж болно. Үзэл бодлоо илэрхийлэх хэлбэртэй холбоотойгоор шүүн таслах үйл ажиллагааг үл хүндэтгэх асуудлыг нийгмийн дэг журмын үндэслэлтэй сөргүүлэн шалгаж болно. Харин 3 дахь хэсэгтэй нийцүүлэхийн тулд шүүн таслах үйл ажиллагаа ба ногдуулах шийтгэл нь шүүхийн хурлаа дэг журамтай явуулах эрх мэдлээ хэрэгжүүлэх баталгаатай хамт харагдах ёстой. Ийм үйл ажиллагаа нь ямар ч тохиолдолд өмгөөлөх эрхээ хууль ёсоор эдлэхэд нь хязгаарлалт тавихад хэрэглэгдэх ёсгүй.
32. 22 тоот Ерөнхий тайлбарт “Зан суртахууны үзэл баримтлал нь нийгэм, гүн ухаан, шашны уламжлал, мөн хязгаарлалтаас нь урган гардаг тул зан суртахууныг хамгаалах зорилго нь зөвхөн дан ганц уламжлалаас үл үүдэх зарчимд тулгуурлах ёстой” гэснийг Хороо зөвлөмж болгож байна. Ийм аливаа хязгаарлалт нь хүний эрхийн түгээмэл байдал, үл ялгаварлах зарчмын үүднээс хийгдэх ёстой гэж ойлгогдоно.
33. Хууль ёсны зорилго бүхий хязгаарлалт нь “зайлшгүй шаардлагатай” байх ёстой. Жишээлбэл, тухайн нэг хүй олны хэлийг хамгаалж буй гэж үзэн арилжааны зар сурталчилгааг өөр нэг хэл дээр явуулахыг хориглох нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаагүй бусад арга замаар хамгаалалт хийх боломжтой гэж үзвэл “зайлшгүй шаардлагын” шалгуурыг зөрчиж байна. Нөгөө талаар, Хорооны үзэж буйгаар, ямар нэг шашны бүлгийн талаар дайсагнасан өнгө аяс бүхий материал нийтэлсэн багшийг, тухайн сургуульд тэр шашныг шүтдэг хүүхдүүдийн эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд багшлах эрхгүй ажилд шилжүүлсэн бол Гишүүн улс “зайлшгүй шаардлага”-ын шалгуураар оруулна.
34. Хязгаарлалтыг хэтрүүлэн өргөжүүлж үл болно. 27 тоот Ерөнхий тайлбарт “Хязгаарлалтын арга хэмжээнүүд нь хэмжээндээ байх зарчимд нийцэх ёстой. Тэдгээр нь хамгаалах үүргийг гүйцэтгэхэд зохицсон байх ёстой, арга хэрэгсэл нь хамгаалах үүргийг биелүүлэгчдэд саад тотгор болохооргүй байх ёстой, хамгаалагдах эрх ашгийн хэмжээнд байх ёстой” гэснийг Хороо зөвлөмж болгож байна. Хэмжээндээ байх зарчмыг зөвхөн хязгаарлалтын хүрээг тодорхойлсон хууль төдийгүй хууль хэрэгжүүлэгч захиргааны байгууллага, шүүхийн эрх мэдэлтнүүд хүндэтгэх ёстой. Хэмжээндээ байх зарчмыг асуудлыг илэрхийлэх төрөл хэлбэр, түүнийг түгээх арга хэрэгсэлд ч чухалчлан үзэх ёстой. Жишээ нь, үзэл бодлын хаяглагдаагүй илэрхийллийн талаарх Пактын үнэт зүйл нь ардчилсан нийгэмд төрийн болон улс төрийн албан тушаалтантай холбоотой асуудлаар олон нийтийн мэтгэлцээн хийх нөхцөлд онцгой өндөр ач холбогдолтой.
35. Гишүүн улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэл тогтоохдоо тухайн аюул заналын нарийн мөн чанар нь онцлог, хувь шинжтэй болох, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зайлшгүй шаардлагатай, хэмжээндээ байгааг, ялангуяа илэрхийлэл, аюул занал нь хоорондоо шууд болон яахын аргагүй уялдаа холбоотой болохыг харуулах ёстой.
36. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавих нөхцөл шалтгаан нь тухайн өгөгдсөн нөхцөлд зайлшгүй шаардлагатай байсанд үнэлэлт дүгнэлт өгөх асуудлыг Хороо өөртөө үлдээнэ. Ийм тохиолдолд энэ эрх чөлөөний хүрээ нь “хүлээн соёрхох талбар” хэмээн үнэлэгдэхгүй болохыг Хороо сануулж буй бөгөөд Хороог өөрийн үүргийг биелүүлэх боломж олгон Гишүүн улс тухайн тохиолдолд аюул заналын нарийн мөн чанар нь 3 дахь хэсэгт заасан хязгаарлалтын аль нэгэнд багтаж буй тул үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан гэдгээ харуулна.
Тодорхой онцгой талбарт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны хүрээ
37. Улс төрийн ярианы хязгаарлалтын дотор буй зүйл бол “хаалганаас хаалганд” хийх ухуулга, сонгуулийн кампанит ажлын үеэр тараах бичмэл материалын тоо, хэлбэрт тавьсан хязгаарлалт, сонгуулийн үеэр эх сурвалжид нэвтрэхэд, мөн тухайлбал, олон улсын болон дотоодын хэвлэл мэдээлэлд саад учруулах, улс төрийн тайлбар, түүнчлэн сөрөг нам, улс төрчдөд хэвлэл мэдээлэл ашиглахад хязгаарлалт хийж буйд Хороо санаа зовниж байна. Хязгаарлалт бүр 3 дахь хэсэгт нийцвэл зохино. Гэсэн хэдий ч сонгуулийн үйл явц дахь шударга ёсыг хангахын тулд сонгуулийн өмнөх улс төрийн санал асуулгад хязгаарлалтад тавих нь Гишүүн улсад хууль ёсны байж болох юм.
38. 13 ба 20 дахь хэсэгт өмнө нь дурдсанчлан улс төрийн ярианы агуулгын хувьд улс төр, төрийн байгууллагад ажилладаг нийтийн албан тушаалтны тухай олон нийтийн мэтгэлцээн үзэл бодлын хаяглагдаагүй илэрхийллийн талаарх Пактын үнэт зүйл онцгой чухал болохыг Хороо тэмдэглэж байна. Үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрүүд нь нийтийн албан тушаалтныг доромжилсон гэж үзэх энгийн баримт нь шийтгэл ногдуулах, нийтийн албан тушаалтнуудыг Пактын зүйл заалтыг ашиглан хожих хангалттай үндэслэл болохгүй. Үүнээс гадна төрийн болон засгийн газрын тэргүүн зэрэг улс төрийн өндөр эрх мэдэлтнүүдийг оролцуулан нийтийн бүх албан тушаалтан хууль ёсны дагуу шүүмжлэл, улс төрийн сөрөг хүчний анхааралд байна. Иймд эрхэм дээдэс, эрх мэдэлтнийг үл хүндэтгэх, үл хүндэтгэх ёс (desacato), далбаа, бэлэг тэмдгийг үл хүндэтгэх, төрийн тэргүүнийг гутаан доромжлох, төрийн албан тушаалтны нэр төрийг хамгаалах гэх мэт хууль тогтоомж нь Хорооны санааг зовоож байна. Хууль тогтоомж нь гагцхүү худал эсвэл буруу гэх дайралтад өртсөн бие хүнийг өмгөөлөхөд үндэслэгдсэн хатуу шийтгэл ногдуулах ёсгүй. Гишүүн улс арми, захиргааны гэх мэт байгууллагыг шүүмжлэхийг хориглох ёсгүй.
39. Нийтийн хэвлэл мэдээллийг зохицуулах эрх зүйн болон захиргааны хүрээ нь 3 дахь хэсгийн зүйл заалтад нийцсэн байхыг Гишүүн улс анхаарвал зохино. Зохицуулалтын систем нь хэвлэмэл, өргөн нэвтрүүлгийн, түүнчлэн интернэтийн хоорондын ялгааг авч үзэхийн зэрэгцээ янз бүрийн хэвлэл мэдээлэл нэгдэн нийлэх асуудлыг анхаарвал зохино. 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх онцгой нөхцөл байдлаас өөрөөр сонин болон бусад хэвлэлийг хэвлэн нийтлэхийг зөвшөөрөхөөс татгалзах нь 19-р зүйлд нийцэхгүй. Ийм нөхцөл байдал нь 3 дахь хэсгийн дагуу хууль ёсоор хориглосон онцгой хатуу чанга агуулгаас бусдаар тухайн хэвлэн нийтлэлийг хэзээ ч хэрхэвч хориглож үл болно. Хүйн болон арилжааны станцыг оролцуулан өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл, төлбөрийн дарамттай нөхцөл ногдуулахаас Гишүүн улс зайлсхийх ёстой. Нөхцөлийн шалгуур, зөвшөөрлийн хураамж нь Пактад нийцсэн, үндэслэлтэй, бодит, тодорхой, ил тод, ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. Дуу дүрсний газрын, сансрын үйлчилгээ гэх мэт хязгаарлагдмал боломж бүхий арга хэрэгслээр өргөн нэвтрүүлэг эрхлэх зөвшөөрөл олгох дэг журам нь хүртээмж, давтамжийн хувьд олон нийтийн, хүйн, арилжааны өргөн нэвтрүүлэг эрхлэгчдэд тэгш хуваарилагдахаар зохицуулагдах нь зүйтэй. Урьд өмнө нь ийм байдлаар хуваарилаагүй Гишүүн улсууд нь, өргөн нэвтрүүлгийн зөвшөөрлийн өргөдлийг хянан шалгаж, зөвшөөрөл олгох эрх мэдэл бүхий хараат бус ба олон нитийн өргөн нэвтрүүлгийн байгууллага байгуулбал зохино.
40. 10 тоот Ерөнхий тайлбарын “орчин үеийн нийтийн мэдээллийн хэрэгслийн хөгжлөөс үүдэн хүн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхэд хөндлөнгөөс оролцох болзошгүй тийм хяналтыг хэвлэл мэдээлэлд тогтоохоос сэргийлэн үр дүнтэй арга хэмжээ авах нь зайлшгүй”-г Хороо давтан зөвлөж байна. Иймээс эх сурвалж ба санаа бодлын олон талт байдалд хохирол учруулахуйцаар, давуу нөхцөлд, хувийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн бүлгүүд хэвлэл мэдээлэлд хэт ноёрхох, төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх талаар Гишүүн улсууд зохих арга хэмжээ авбал зохино.
41. Хэвлэл мэдээлэлд өгдөг засгийн газрын татаас, засгийн газрын зар сурталчилгаа байршуулах систем нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд саад учруулахуйц нөлөө үзүүлэхгүй байх талаар Гишүүн улсууд анхаарах ёстой. Цаашилбал, хувийн хэвлэл мэдээлэл нь олон нийтийн хэвлэл мэдээлэлтэй харьцуулахад мэдээ олж авах, түгээх, тараах арга хэрэгсэл нь хүртээмжтэй байх зэрэгт дутуу эрхтэй байх ёсгүй.
42. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэгч, сэтгүүлчдийг гагцхүү Засгийн газар, эсвэл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгмийн тогтолцоог шүүмжилсэний төлөө шийтгэл ногдуулахыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зайлшгүй хязгаарлалт гэж хэрхэвч үзэж болохгүй.
43. Цахим хуудас, блог, эсвэл бусад интернэтэд суурилсан, электрон, эсвэл мэдээлэл түгээх бусад систем, түүнчлэн интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, хайлтын систем гэх мэт мэдээлэл харилцааг дэмжих тийм системийн үйл ажиллагаанд тавих аливаа хязгаарлалт нь гагцхүү 3 дахь хэсэгтэй нийцсэн нөхцөлд л зөвшөөрөгдөнө. Зөвшөөрөгдөх хязгаарлалт нь ерөнхийдөө онцгой агуулга байхаас бус тодорхой цахим хуудас, системийг ерөнхийлөн хориглох нь З дахь хэсэгт үл нийцнэ. Засгийн газар, эсвэл Засгийн газрын дэмжлэгтэй улс төр, нийгмийн тогтолцоог шүүмжилсэн гэх үндэслэлээр цахим хуудас, мэдээлэл түгээх системийг материал хэвлэн нийтлэхийг хориглох нь З дахь хэсэгт үл нийцнэ.
44. Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэл болон интернэт, өөр бусад хэрэгслээр өөрөө хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь 3 дахь хэсэгт үл нийцнэ. Хязгаарлагдмал итгэмжлэх үнэмлэх олгох нь тодорхой газар, үйл явдалд нэвтрэх давуу эрх олгож байгаагаар зөвшөөрөгдөнө. Ийм зохион байгуулалт нь 19-р зүйл, Пактын бусад зүйл заалтад нийцсэн, үл ялгаварлах зарчим, бодит шалгуурт үндэслэгдэх бөгөөд сэтгүүл зүй бол өргөн хүрээтэй, олон тоны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа болохыг анхааралдаа авах ёстой.
45. Сэтгүүлчид болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхээр зэхэж буй бусад хүний (хүний эрхтэй холбоотой уулзалтад оролцохыг хүсэн аялж буй хүмүүс гэх мэт) Гишүүн улсаас гадагшаа аялах эрх чөлөөг хязгаарлах, түүнчлэн гадаадын сэтгүүлчдийг тодорхой оронд зорчихыг хязгаарлах, эсвэл сэтгүүлч, хүний эрхийн зөрчлийг мөрдөгчдөд тухайн Гишүүн улс дотроо (зөрчилд нэрвэгдсэн газар нутаг, байгалийн гамшиг гарсан, хүний эрхийг гутаан доромжилсон гэх мэт газар ) хөдлөн явах эрхийг хязгаарлах нь 3 дахь хэсэгт ерөнхийдөө үл нийцнэ. Гишүүн орнууд нууц эх сурвалжаа хамгаалах сэтгүүл зүйн хязгаарлагдмал давуу эрх олгодог, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэвэл зохино.
46. Терроризмын эсрэг арга хэмжээ нь 3 дахь хэсэгтэй нийцсэн байхал Гишүүн улсууд анхаарвал зохино. “Терроризмийг өдөөн турхирсан”, “туйлширсан (экстремист) үйл ажиллагаа”, түүнчлэн терроризмийг “магтан дуулах”, “алдаршуулах” эсвэл “зөвтгөх” гэх мэт гэмт хэргийг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд шаардлагагүйгээр, эсвэл хэмжээнээс хэтрүүлэн хөндлөнгөөс саад учруулахгүйн тулд ойлгомжтой тодорхойлбол зохино. Мэдээлэл олж авахад хэрээс хэтэрсэн хязгаарлалт тавихаас зайлсхийнэ. Хэвлэл мэдээлэл нь терроризмын үйлдлийн тухай олон нийтэд мэдээлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд түүний үйл ажиллагааны чадамжид хэтэрсэн хязгаарлалт тавихгүй байх нь зүйтэй. Иймд сэтгүүлчид хууль ёсны үйл ажиллагаа явуулсныхаа төлөө шийтгэл хүлээхгүй байвал зохино.
47. Нэр хүнд гутаасантай холбоотой тухай хууль тогтоомжийг маш хянамгай, 3 дахь хэсэгт нийцүүлэн боловсруулах ёстой бөгөөд тэдгээр нь практик дээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоход үйлчлэх ёсгүй. Ийм бүх хууль тогтоомж, ялангуяа нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хууль нь үнэнийг хамгаалах хамгаалалтыг багтаасан байх бөгөөд мөн чанарын хувьд, нотолгооны субъектын хувьд илэрхийллийн хэлбэрүүдтэй холбоотойгоор хэрэглэгдэх ёсгүй. Үгүйдээ, нийтийн албан тушаалтнуудтай холбоотой тайлбар сэтгэгдлийн хувьд шийтгэх, санамсаргүй алдаа гаргаж, хорон санаа агуулалгүйгээр хэвлэн нийтэлсэн материалыг үнэн бус, хууль бус гэж үзэхээс зайлсхийвэл зохино. Ямар ч тохиолдолд, шүүмжлэлийн сэдвийн асуудалд олон нийтийн эрх ашиг нь хамгаалалт болохыг хүлээн зөвшөөрвөл зохино. Залхаан цээрлүүлэлтийн арга хэмжээ, шийтгэлээс зайлсхийхэд Гишүүн улсууд анхаарах нь зүйтэй. Зохистой үед нь, хэрэгтнийг ялсан талын зардлыг нөхөн төлөх шаардлагад боломжийн хэрээр хязгаарлалт тавихад Гишүүн улсууд анхаарах нь зүйтэй. Гишүүн улсууд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн хуулийг халахад анхаарвал зохино. Хамгийн ноцтой тохиолдолд эрүүгийн хуулийг ашиглах бөгөөд шоронд хорих нь хэзээ ч зохисон шийтгэл бус юм. Гишүүн улсуудын хувьд хүнийг эрүүгийн хуулиар нэр төр гутаасан гэж буруутгахыг үл зөвшөөрөх ёстой бөгөөд яаравчлан шүүн таслах ёсгүй. Ийм практик нь хүний болон бусдын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхийг хэтрүүлэн хязгаарласан гашуун сургамж дагуулдаг.
48. Шашин, бусад шүтлэгийн системийг үл ойшоодогоо харуулах, түүнчлэн шашны хуулийг хориглох нь 20-р зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд Пактад үл нийцнэ. Эдгээр хориг нь 3-р зүйлийн 19 болон 2, 5, 17, 18-р зүйлийн шаардлагад нарийн нийцэх ёстой. Жишээлбэл, ийм хууль тогтоомжоор тодорхой шашин шүтлэг, эсвэл шүтлэгийн тодорхой систем, түүнчлэн тэдгээрийг даган шүтэгчдийг нөгөөтэй нь, бишрэн шүтэгчдийг шашин үл шүтэгчидтэй сөргүүлэн эрх ашигт нь нийцүүлэх, эсвэл эсэргүүцэх маягаар ялгаварлан гадуурхахыг үл зөвшөөрнө. Хоригийг шашны тэргүүнийг шүүмжлэх, шүүмжлэлийг боогдуулан хумих, шашны номлол, шүтлэгийн зарчмын талаар тайлбар хийхэд ашиглахыг зөвшөөрч үл болно.
49. Түүхийн баримтын талаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө шийтгэх хууль нь үзэл бодол болон илэрхийллийн эрх чөлөөг дээдлэхтэй холбоотойгоор Гишүүн улсуудад ногдуулсан үүрэгтэй нийцэхгүй. Өнгөрсөн үйл явдлуудын тухай таашаа үзэл бодол, эсвэл буруу тайлбар хийсэн илэрхийллийг ерөнхийд нь хориглохыг Пакт зөвшөөрөхгүй. Үзэл бодлын эрх чөлөөний эрхийг түүнийг илэрхийлэхтэй холбогдуулан хэзээ ч хязгаарлаж үл болох бөгөөд 3 дахь хэсэгт зөвшөөрөгдсөн, эсвэл 20-р зүйлд шаардсанаас хальж болохгүй.
19 ба 20-р заалтын харилцан уялдаа
50. 19 ба 20-р зүйл нь өөр хоорондоо харилцан уялдаатай бөгөөд бие биенээ нөхдөг. 20-р зүйлд дурдсан үйлдлүүд нь бүгд 19-р зүйлийн 3 дахь хэсэг дэх хязгаарлалтыг дагадаг. Иймээс 20-р зүйлийн үндсэн дээр зөвтгөсөн хязгаарлалт нь 19-р зүйлийн 3 дахь хэсэгтэй мөн нийцсэн байх ёстой.
51. 20-р зүйлд тусгасан үйлдлүүд нь 19-р зүйлийн 3 дахь хэсгээс ялгаатай тал нь 20-р зүйлд дурдсан үйлдлүүдэд Пакт Гишүүн улсуудаас хариу шаардсан, тухайлбал хуулиар хориглохыг шаардсан байдаг. Зөвхөн энэ түвшинд 19-р зүйлтэй холбоотойгоор авч үзвэл, 20-р зүйлийг хуулийн тайлбар (lex specialis) хэмээн үзэж болно.
52. 20-р зүйлд тусгасан илэрхийллийн онцгой хэлбэрүүдийг Гишүүн улсууд хуулиар хориглох үүрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тохиолдол бүрт хориглолтууд ба эдгээр зүйл заалт нь 19-р зүйлийн заалтуудтай чанд нийцсэн болохыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай.